Утга зохиолын дээд сургуулийн 4-р дамжаанд “Борхэс ба постмодернизм” гэсэн урсгал курс орсон нь уран зохиолын тухай бодлыг минь үндсээр нь эргүүлээд хаячихаж билээ. Борхэсийг би зүгээр л уншаад өнгөрч болохгүй юм байна гэж сэхээрсэн. Тэр өөрөөсөө өмнөх бүх зохиолчдыг үеийнхээ хүн гэж үзээд зогсохгүй, зохиол бичдэг хэн ч бай Борхэсийн хамтран зохиогч байсан юм. Түүний хувьд хуулбарлах гэх мэтийн ойлголт ерөөсөө байсангүй: учир нь Борхэс тэргүүтний бий болгож буй цоо шинэ утга зохиолд эрт эдүгээ гэх зааг огт байхгүй, тэр ч бүү хэл уламжлалт дүр, өгүүлэмж, зохиомж, дэвшүүлж буй уламжлалт санаа гэхээр зүйл ч үгүй байв. Тэр зохиолдоо бусдын үгийг зүгээр л зээлдээд авчихна, уншиж байгаа номуудаа өөрийн ертөнцийг бүрдүүлэх материал болгочихно. Боловсролтой хүний хувьд үхтлээ нэг хүнд өмчлөгддөг ч юм уу, эс бөгөөс туйлын абсолют санаа гэж огт байхгүй. Бүх хэвшмэл ойлголт текст дээр очоод л утгаа алддаг.
Бурхан минь, энэ бүхнийг ойлгох мөн ч хэцүү байсан даа!
Борхэсийн дараа уран зохиол, сэдэв, агуулга, үзэл санаа гэх мэтийн ойлголт, үйл явдлын өрнөл, дүр, дэвшүүлсэн зарчим, бичлэг зэрэг үгс зүгээр л инээд хүргэх болсон сон. Борхэсийн ертөнцөд уран зохиол биш, ХҮН л гээч гэнэтийн, яаж ч магадгүй нөхөр таарна. Дэндүү хийсвэр, хэтэрхий танил хоёрын зааг дээр зогсоо түүнийг дүр гэж нэрлэх аргагүй. Тэгсэн мөртлөө дуурайх тухай саналтгүй. Хэмингуэйг бол дуурайгаад бичээд байж болох байх. Борхэс огт тийм биш.
Тэгээд уран зохиол гэж юу юм бол оо? гэж би бодсон. 23 настайдаа анх удаа шүү. Хариулт байхгүй асуултуудын нэг хэдий ч, энэ бол ЗОХИОГЧИЙН ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЗАМ МӨРӨӨС ӨӨР ЮУ Ч БИШ болохыг ухаарч авсан. Ном амьдралтай адилхан болно уу, бусад номын өнгө аясыг давтана уу, тэр ч байтугай хүнд уншигдана уу, бүр дургүйг нь хүргэнэ үү, зохиогчид огт хамаагүй юм. Зохиолч бол текстээсээ илүү түвшний ойлголт биш. Уран зохиол гэдэг өөрөө бие даасан, эгээ л хүн шиг өөрийн гэсэн замналтай БИЕТ АМЬТАН, текстийг нэвтлэн гардаг зохиогч гэж ерөөсөө байх аргагүйг би тэгэхэд ойлгохчмоон болсон юм.
Ийм ойлголтоо бэхжүүлэх гээд Борхэсийн өгүүллэг, эсээнүүдээс уншиж суухад түүний номууд бол ердөө л бусад номуудад зориулсан текстүүд болох нь шууд танигдаад эхэлсэн. Өмнө бичсэн номууддаа, бусдын бичсэн алдартай алдаргүй номуудад л зориулж, Борхэс мянгантаа давтаж, түмэнтээ эшилж, дээр нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, уйгагүй атлаа сэмхэн тайлбарлаж байв. Бас тэр Асэвэдо, Исидоро, Суарэс эд нар цөмөөрөө өвгө дээдсийнх нь нэрс байж таарсан. Амьдрал бол хаос, ертөнц бол ердөө л текст гэж Борхэс биднийг тохуурхаж байв. Энэ тохуурхлаас нь шинэ уран зохиол бий болсон хэрэг. Түүний “Зүүдний ном”-ыг уншиж байхдаа гагц тайлсан зүүднүүд л үнэндээ уран зохиол хэмээн нэрлэгдэх эрхтэйг ухаарах шиг болж билээ.
Аугаа их номон далай дунд өсч, бүх амьдралаа өнгөрөөсөн түүний хувьд номын хөмрөг гэдэг хязгаар эцэсгүй сэтгэлгээнийх нь ширгэшгүй эх ундарга, бас хамтран амьдрагч нь байсан гэдгийг мэдрэхэд сүрдмээр болдог. Залуудаа би Номын сангийн захирал болох сон гэж мөрөөддөг байв, Борхэс шиг л байх гэсэндээ тэр. Одоо ингээд 4-р дамжааны тэр нэг спецкурсыг дурсангаа, хүүрнэл зохиолын төрлөөр 10-аад ном бичиж байж л Борхэсийг сая нэг ойлгохтойгоо болсноо ухаарахуйд, өч төчнөөн ном уншдаг ч уран зохиолыг огт таниагүй хүмүүсийн өхөөрдмөөр мундаг "шүүмжүүд" их л инээдтэй харагдах юм даа...
2015.4.21.
2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.
Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.
Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.