Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
МОНГОЛ РОМАНЫГ МЭДЭХ ХЭР ХЭМЖЭЭ МИНЬ

                “Тунгалаг Тамир”, “Цаг төрийн үймээн”, “Үүрийн туяа” гурав миний багад хамгийн алдартай номууд байлаа. “Үүрийн туяа” монгол хэлээр гарсан, орчин үеийн анхны том роман гээд бодохоор, боломжийн ч юм шиг. Гэхдээ хуучин тогтолцоо, соцреалист сэтгэлгээний үед гарсан 200-гаад роман дундаа л гэхээс, өргөн утгаар нь авч үзвэл “Монголын нууц товчоон” ч роман, бас “Хөх судар” мэдээж роман л даа. Тэгээд би монгол романы тухай ойлголт, мэдэх хэр хэмжээ минь ер нь яасхийж тогтосныг өөртөө нэг эргэцүүлж үзье гэж шийдлээ.

                Хамгийн анх уншсан монгол роман минь Н.Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” байсан. Энэ ном яаж яваад миний анх уншсан зузаан ном болсныг тайлбарлахад тийм ч хэцүү биш. Гуравдугаар анги төгсөөд би Баянхонгорынхоо цорын ганц пионер зуслан болох Өвгөнжаргалантад амрав. Манай тасагт Өлзийт сумаас ирсэн, надаас хоёр ах нэг өндөр бор хүү байсан юм. Шөнө болмогц тэрээр Ж.Бямбаагийн “Энэрэлгүй хорвоо” романы үйл явдлаас ярьдаг байв. Лав гурав дөрвөн шөнө ярьж барсан бөгөөд тийм урт зохиол уншина гэдэг ямар нэгэн баатарлаг явдал шиг санагдсан тул, тухайн үед шинээр худалдаанд гарсан ч юм даг уу, манай гэрт гэнэт л үзэгдэх болсон, бас ч үгүй сүртэй нэртэй мөнөөх номыг зориглон шүүрч авсан хэрэг. “Сүүлчийн буун дуу”-гаас би сайн эрсийн тухай, Батгүн хэмээх алдарт шорон байсан тухай, Хятадын эсрэг үзэл гэдэг монгол эр хүний эрхэм дээд чанар болох тухай хэр чинээгээрээ л ойлгож авсан юм даг.

                Дараа нь тэр үедээ мөн шинэ ном байсан С.Пүрэвийн “Эх газрын чулуу”-г барьж аваад уурхайчдын хотхонд өрнөж буй залуусын амьдралын тухай тэр зохиол балчир оюунд минь огтхон ч таашаагдаагүй тул, дуусгалгүй хаяж билээ. Харин тэр үед орчуулгын сайхан номууд их байсан тул овоо ч унших дөртэй болчихсон, Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан”, Ш.Шажинбатын “Элс цас” хоёрын дараа бол Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” хялбархан уншигдсан юм даг. Сүрхий зузаан тэр номыг гарсан даруйд нь яг дөрвөн өдөр тууштай суугаад ард нь гарч билээ. Бас С.Лочингийн “Насны зам”, Ж.Лодойн “Тулалдаан” романуудыг мөн л шинэ сэргэг дээр нь уншсаныхаа дараа, намайг бараг ухаан ороход л гэрт байсан “Үүрийн туяа”-г барьж авав. Анхандаа би эхэнд нь ч бил үү, төгсгөлд нь байдаг нэг шүлгийг уншаад, тэнд “Үүрийн туяаны улаан морьд...” гэсэн мөр олж үзмэгцээ тэгсхийгээд л хойш тавьчихсан юм. Гэтэл нэг шөнө Номгон уулын наагуур өглөө эрт, яг л үүр цайх үеэр маш олон час улаан морьд давхилдаж байна гэж зүүдлэв. Бүр дэл сүүлнээс нь гэрэл цацраад л. Хачин тод зүүд байсан тул нөгөө зузаан номоо даруйхан барьж авсан хэрэг. Их л гоё юм гарна гэж хүлээж, амьхандаа сүрхий уншсан сан. Харин горьдсон шиг минь гоё юм гараагүй, Ширчинг ядуу эх нь айлд өргүүлсэн хэсэгт гарч байгаа хүмүүс нэг л хачин хүйтэн цэвдэг байдалтай санагдаад бүр дургүй хүрч билээ.

                За, тэгээд номын амтанд орж эхэлсэн ч юм уу, бага сага харьцуулж үзэхтэйгээ болсон. С.Эрдэнийн “Амьдралын тойрог”-ийг уншчихаад Н.Надмидын “Эр цэрэг, зэр зэвсэг” рүү ороход мөн ч хол зөрүүтэй санагдаад явчихаж билээ. “Амьдралын тойрог”-ийг уншихад өдөөсөн зүйл бол манай сургуулийн нэг багшийн үг л дээ. Сумьяа хэмээх тэр багш манай ангид нэг л удаа монгол хэлний цонхтой цагийг нөхөж орсон бөгөөд тэгэхдээ сүүлд гарсан номын тухай сонирхуулангаа:

                -Нээрэн ч, амьдрал гэж нэг бодлын тойрог л юм даа хэмээн жигтэйхэн гунигтай хэлж билээ. Тэгээд л би мөнөөх хачин нэртэй номыг нь уншиж үзэхээр шийдсэн юм даг. Сайн ойлгоогүй ээ, гэхдээ л учиргүй татагдаж, амьдрал гэж нээрэн нэг л сонин зүйл юм шиг байна гэж бодсон сон. Ингээд нэг л мэдэхнээ С. Дашдэндэвийн “Улаан наран”, Н.Банзрагчийн “Дөчөөд оны жавар”, Д.Наваансүрэнгийн “Минжий хангай”, С.Удвалын “Их хувь заяа”, Л.Содовын “Саран доорхи хорвоо”, С.Дашдооровын “Дуут хонгор манхан”, Д.Цэмбэлийн “Амарсанаа”, Ж.Бямбаагийн “Үнэний хорвоо”, Л.Түдэвийн “Нүүдэл суудал”, “Бүгд найрамдах улсын анхдугаар он”, “Оройгүй сүм”, Д.Даржаагийн “Дурлал” гээд л, олдсон бүрийг нь уншчихсан байж билээ. За тэгээд Ц.Доржготовын “Шим мандал” хэмээх романд гардаг дунд сургууль төгсөөд гадаад, дотоодын их сургуульд орж буй залуусын хайр дурлалын явдлаас ч цаг үеийнхээ баримжааг ойлгосхийж, тэр ч утгаараа роман унших нь тухайн цагтаа миний хувьд мэдээллийн гол суваг минь болж байсныг одоо дурсахад сайхан. Ер нь орчин цагийн монгол роман бичлэгийн хувьд дөрөө олсон нь 1980-аад он юм шиг санагддаг. Мэдээж, тэр бүхний дотроос “Оройгүй сүм” төдийлөн яригддаггүй сэдвийг төнхөснөөрөө гоц ялгарч санагдсан. Гэхдээ л “Амьдралын тойрог”-ийн адил энэ сайхан бүтээлийг ч мөн гүйцэд ойлгож чадаагүй, үйл явдалд нь голлосхийгээд л өнгөрсөн болов уу гэж бага насаа өнөө би харддагаа нуух юун.

                Надад зөвлөх хүн ч байсан биш, монгол романуудыг ямар ч шилэлт сонголтгүй, ар араас нь цувруулан уншиж цагаа үрсний минь ач тус нэг удаа гарцаагүй тохиосон юм даг. Тэр бол шүлэг бичдэг болчихсон, монгол романд гэхээсээ гадаад уран зохиолд илүү татагдаж эхэлсэн үе л дээ. 1987 оны сүүлчээр манай аймагт Б.Бааст, Ц.Хасбаатар, Л.Чойжилсүрэн, Ч.Дагвадорж нар томилолтоор очиж, аймгийн театрт уулзалт хийхэд тун санамсаргүй очиж үзсэн юм. Уулзалт дээр Хасаа гуай орчуулсан шүлгүүдээ, Дагвадорж гуай ардын дууны аясаар бичсэн өөрийнхөө шүлгүүдээс уншиж, би тэгтлээ сэтгэл хөдөлсөн ч юм уу, мөнөөх арга хэмжээ өндөрлөмөгц тайзнаас буугаад танхим дотуур алхаж явсан Чойжилсүрэн гуай руу очоод “Би шүлэг бичдэг юм. Та нарт шүлгээсээ үзүүлж болох уу?” хэмээн асууж билээ. “Өвсний шүүдэр”, “Хаврын жавар” хоёрыг нь туушиндчихсан уншигчийн хувьд мань зохиолч сайн танил минь юм шиг санагдсан хэрэг л дээ. Чойжгоо ч шуудхан л тайзны ард хүмүүстэй ярилцаж зогсоо Хасаа гуай руу намайг аваачив. Хасаа гуай найрсгаар толгой дохин байж миний үгийг чагнаснаа “Маргааш 11 цагт зочид буудалд хүрээд ир” гээд өрөөнийхөө дугаарыг хэлсэн сэн. Товлосон цагт нь очиход дөрвөн зохиолч нэг өрөөндөө цуглараад миний хэдэн шүлгийг сонссон, дараа нь 3-4 шүлгийг минь Дагвадорж гуай сонгож аваад “Утга зохиол, урлаг” сонинд нийтлүүлсэн юм. Тэр явдал намайг бараг л яруу найрагч гэгдэхэд хүргэж, сарын дараа МХЗЭ-ийн ажлаар Баянхонгорт очсон Д.Нямаа гуай мөн нэг даргын өрөөнд хичээл дундуур дуудуулан, 5-6 шүлэг зэхэхийг даалгасан нь “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн сэн. Энэ хоёр сонинд гарсан цөөвтөр шүлгийнхээ ачаар би Москвагийн Утга зохиолын дээд сургуульд явах болсон юм даа.

                Нацагдоржийн тухай тун өвөрмөц хэлбэрээр бичсэн С.Лочингийн “Сарны гэрэл” эсээ-роман одоо “Баянхонгор хотын Номын 2-р дэлгүүрээс авав. 1986 он” гэсэн тэмдэглэгээтэйгээ надад бий. Лха.Дарьсүрэнгийн “Онцгой эрх”, Д.Гармаагийн “Харуул Алтай”, хавтсан дээрээ монгол бичгийн хэв маягаар нэрийг нь тавьсан тул маш содон харагддаг Ш.Нацагдоржийн “Болор толь”, тухайн цагтаа бас л их уншигдсан романуудын нэг болох О.Цэндсүрэнгийн “Халуун салхи”-ийн эхний дэвтэр гээд л ёстой сохор үхэрт худагт үзүүлсэн мэт л идэвхтэй уншдаг жаал байжээ. Бүр Б.Цэдэндамбаа гуай роман бичсэнийг ч би мэднэ. Учир нь “Алтны мод” хэмээх импрессионист зургархуу хавтастай тэр номыг өөрийн цуглуулсан мөнгөөр худалдан авч байсан юм чинь юу гэж мартах билээ. Дунд сургуульд байхдаа уншсан тэдгээр зузаан номуудаас минь Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”-ий Балданцэрэн гүнгийн дурлалын тухай хэсэг сэтгэлд хамгийн тод үлдэж, хэсэгтээ л бодогдож билээ. Бүсгүйг хүргэж өгөх далим хайсандаа огт танихгүй айлын гадаа сүйхнээс нь бууж үлдсээр байгаад, сүүлд нь халагламаар эндүүрэл тохиолддог тэр хэсэг. Роман гэдэг амьдралын гүн рүү яргаж орсон бичлэг юм байна аа гэдгийг бүүр түүр мэдрүүлсэн тэр л өрөвдөлтэй хэсэг. Романы өөр нэг шинжийг таниулсан Д.Маамын “Гишгэх газаргүй хөл” надад ер бусын хурц, зэвүүн бичлэгтэй зохиолоор дурсагддаг. Нэр нь ч ер бусын, ончтой. Дашрамд хэлэхэд, монгол романууд дотор хамгийн уран гүн нэр оноосон нь “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Учрахуй, хагацахуй” энэ гурав л байх шүү. Энэ памфлетыг нь залгуулаад “Газар шороо”-г уншсан. Шилжилтийн насны тэр л бишрэлээрээ би Маам гуайг одоо ч том зохиолч гэж бодсоор явдаг. Гэхдээ дээр нэрлэсэн романуудаа яг өнөөдөр эргэн уншвал ямаршуу сэтгэгдэл үлдэхийг үнэндээ төсөөлж чадахгүй байна.

                Оросд “Роман-газета” гэж гардаг байсныг манайхан дуурайж нэгэн цуврал санаачилсны эхний хоёр дугаарыг (Л.Түдэвийн “Хувьсгал танаа өчье”, С.Эрдэнийн “Занабазар”) эс тооцвол, 1990-ээд он гарснаас хойш би монгол роман уншаагүй. “Борхес и постмодернизм” гэдэг спецкурс орсны дараагаас нүсэр романы, тэр ч байтугай модернист сэтгэлгээний эрин үе үүрд дуусчээ гэдэг ойлголттой болсон нь нөлөөлсөн ч байх. Манай сургуулийн дээд курст сурч байсан Шаг.Цэнд-Аюуш ах “Хүлээх өрөөний эзэгтэй”-гээ бэлэглэсэн, дараа нь дээд курст ирсэн Д.Галбаатар ахаас тэр үед шинээр гараад байсан Д.Төрбатын “Могойн чуулган”-ыг авч уншсан санагдана. 1992 оны зун Гурванбулаг сумын Бугын бригадын төв дээр ахындаа уйдаж суутал азаар хөрш агентынд Ш.Ванчаарай гуайн “Шагнал шийтгэл” байж таарсан нэг явдал бий. Нэлээд сүүлд, “Ардын эрх”-ийн сурвалжлагч байхдаа Эрдэнэ баавайг Ардын цол хүртсэний нь дараа гэрт нь очиж яриа авсан юм. Тэгэхэд би Баянхонгорт үйлдвэрлэдэг “Занабазар” хэмээх архийг “Таны романтай адил нэртэй сархад” гээд аваачиж, нэлээд удаан хөөрөлдөн сууж билээ. Сонинд “Ерээд оныхон бидний үеийг санагдуулдаг” гэсэн их гоё гарчигтайгаар нийтлэгдсэн тэр ярианы үеэр Эрдэнэ баавай “Хойт насандаа учирна” романыхаа анхны хэвлэл дээр үг бичиж дурсгасан нь одоо надад бий. Энэ дөрвөн номоор л уншигчийн хувьд монгол романыхаа буухиаг өндөрлөсөн дөө...

Шинэ ном

Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.

"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.