Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
"ГЭРЭГ" сэтгүүлд өгсөн яриа

        -Та үндсэрхэг хүн үү? Үндсэрхэг үзлийн тухай юу гэж боддог вэ?

         --Монгол хүн болж төрсөн нь бидний хувь тавилан. Үүнийг өөрсдөө сонгоогүй, бид шийдээгүй. Яагаад та бид орос хятад биш, чухам монгол болж төрсөн юм бэ гэдэг бол яагаад морь нохой биш, чухам хүн болов оо гэдэг шиг онцгой ерөөл юм. Үндэс угсаагаа эрхэмлэнэ, хэдэн үеийн туршид монголоор ярьж Монгол газар шороонд шүтэн амь зууж ирсэн хүмүүсийн удам гэдгээ мэдэрч ухамсарлана гэдэг бол миний хувьд хүн байхын утга учир. Орос, Хятад шиг том гүрнүүдийн үндсэрхэг үзэл хөршүүддээ төдийгүй дэлхий дахинд халгаатай. Харин цөөхүүлээ монголчуудын хувьд үндсэрхэг байх нь ердийн л дархлаа. Гэхдээ ийм бодлогод хөтлөгдсөндөө биш, зүгээр л байгаагаараа, Монголын гэх юм бүхэнд би үнэн голоосоо хайртай. Ийм сэтгэл зүрхтэй төрснөө мэдрэхдээ жаргалтай байдаг.

          -Хоёр уран бүтээлч нэг гэрт амьдардаг болохоор бие биенийхээ онцлог шинж чанарт уусдаг уу? Эсвэл уусахаасаа илүү хурцалж, хөглөж өгдөг үү?

         --Тийм ээ, хурцалж хөглөдөг. Харин хүний дотоод мөн чанар гэдэг бол өөртэй нь хамт төрчихсөн, хэн нэгэн түүнийг нь уусгаж арилгах ямар ч боломжгүй зүйл. Мэдээж, өдөр тутмын амьдрал ахуй дээр бол ижилсэх зүйл олон байдаг, байх ч ёстой гэж бодож байна.

         -Нүүдэлчин соёлын ирээдүйг юу гэж харж байна. Устаж үгүй болно гэж боддог уу?

         --Тийм ээ, мүзей л үлдэх биз дээ гэж боддог. Өөр зам алга. Үгүйдээ л дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байна, бэлчээрийн шим муудаж байна, нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломж улам л хумигдаж байна. Ахуй нь алга болохоор соёл нь бас амьд биш болж таарна. Энэ бүхэн жам. Гэхдээ мүзей болно гэдэг нь устаж байгаа хэрэг биш шүү дээ. Хамгийн чухал нь нүүдэлчин сэтгэлгээнээс үргэлжилсэн оюуны өв хэзээ ч баларшгүй мөнхөд үлдэх боломжтой. Угаасаа ч том орон зайтай сэтгэлгээнд тийм давуу тал бий.

         -90-ээд оны нийгмийн байдлаас шалтгаалан урлагийн салбар нуран унаж, өнөөдрийг хүртэл соёлын бодлого улам бүр доройтсоор хөл дээрээ тогтож чадахгүйд хүрээд байна. Тэр тусмаа сонгодог урлаг. Та хүүхдүүддээ хөгжмийн мэргэжил эзэмшүүлж буйн хувьд ирээдүйн тухай ямар бодолтой байна вэ?

         --Манай хамгийн том гажиг бол яг ямар түвшинд сургалтаа явуулдаг нь тодорхой бус, жинхэнэдээ ямар хэмжээний уран бүтээлчидтэй вэ гэдгээ ч бодтой ярьдаггүй. Бид нээлттэй ертөнцөд амьдраад хорь гаруй жил болж байгаа хэрнээ мэргэжлийн урлагийн тал дээр бол яг хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг яваа нь нууц биш. Дэлхийн яруу найргийн дээд титмийг нь монгол хүн авчихлаа, дэлхийн шилдэг балетчин, тийм ийм шагналтай төгөлдөр хуурч Монголоос тодорчихлоо гэхчлэн сурталчилдаг бүх шоу нь зөвхөн дотооддоо л зориулагдсан, магадгүй, Монголоосоо л мөнгө сааж амь зуух гэсэн хөөрхөн заль байдаг. Тэгээд ч, “дэлхийн дэвжээ” л хамгийн чухал юм шиг боддог тамирчин сэтгэхүй маань хэтэрчихснээс болоод, одоо бүр дэлхийгээсээ тусгаарлагдаж, “дангаарших” гэдэг рүүгээ орох нь байна шүү дээ. Урлаг, утга зохиол гэж жинхэнэдээ юу байдгийг огт таниагүй атлаа, “адгийн нохой цаад захын оононд” гэдэг шиг, юун ч дэлхийсэг юм билээ. Монголдоо үнэлэгдээгүй хэн нэгэн гадаадын аль нэг хэл рүү шүлгээ орчуулахад л дэлхийд гарчихдаг юм шиг тийм гэнэн ойлголтыг хэдий удаан хугацаанд хэвлэл мэдээллээр тунхаглан хүмүүсийг хуурна ч гэж боддог юм бэ. Ер нь бол англи хэлний, хятад хэлний, испани хэлний ертөнц тус тусдаа дэлхий шүү дээ. Монгол хэлтний ертөнц ч өөрөө дэлхий. Ерөөсөө манайхнаас өөр “дэлхийн дэвжээ” ярихаас биш, бүтээл туурвилаа шинэчлэх, өсөх хөгжих тухай огт боддоггүй уран бүтээлчидтэй, урлаг утга зохиолоо өөрсдөө цэгнэж мэдэхээ больчихоод, хаа нэгтээ хэвлэсэн дурсгалын бичгийг хэмжүүр болгохдоо тулчихсан улс байдаг ч үгүй биз. Уран бүтээлийнхээ чанар чансааг биш, хийлсэн гүзээ шиг түр зуурын нэр алдар л бодно. Энд тэнд очоод, хүний харьцааны жирийн л зүйл болох наад захын комплимент сонсонгуутаа өргөмжлөл, үнэлэлт гээд ойлгочихдог, эсвэл тэгж бусдад ойлгуулах гээд алийгаа алдаж явдаг нөхөд хүмүүсийн толгойг бүр эргүүлж гүйцлээ... Сонгодог урлагийн тухай санаагаа тодруулахад, манайд тогтсон дэг сургууль бий болтол хугацаа хэрэгтэй. Таван зуун жил сонгодог урлаг хөгжсөн газрын сургалтыг энэ урлаг үүсч буй болоод тавин жил болж буй газрын сургалттай харьцуулах аргагүй. Уран зохиол бол харин тогтсон дэг сургалтаас хамаардаг зүйл биш тул тусдаа яриа болно. Балетчид, төгөлдөр хуурчид, хийлчдийг бол харин заавал барууны өндөр хөгжилтэй орнуудын тогтсон дэг сургуультай газар олноор сургах бодлого баримтлах нь чухал. Тэгж л бид тэр таван зуун жилийг гүйцэнэ.

         -Орос гэдэг аугаа их соёлт гүрэнтэй хил залгаа улсын хувьд манай улс өдийд соёл урлагийн салбарт Азидаа толгой цохиж явах ёстой байсан гэж миний хувьд бодож явдаг. Орос оронд боловсрол эзэмшсэн хүний хувьд таны бодол?

         --Би ч бас тэгж боддог. Харамсалтай нь, манай бодлого онч муутай, “нүглийн нүдийг гурилаар хуурах” нь түгээмэл байснаас Оросын боловсролын систем хамгийн сайн байсан үеийн найрамдалт харилцааныхаа боломжийг ч бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй санагддаг. Зах зухаас нь мэдэх хүний хувьд жишээ хэлэхэд, утга зохиолын сургуульд таван жил сураад, оросоор ном унших нь байтугай, ойр зуур ярьж ч сураагүй төгссөн зохиолчид Монголд зөндөөн бий.

         -Монголд дуурь, балет, симфони зэрэг хөгжмийн томоохон бүтээлийг тэр болгон туурвихаа болиод удаж байна.Үүнээс улбаалан урлагийн үнэ цэнэ аль хэдийнэ бүрмөсөн устжээ гэж ойлгодог. Утга зохиолын салбарт ямаршуухан байна вэ? Харьцуулбал?

         --Манай уран зохиолд бүх өвөө эхлээд цоо шинээр эргэн харж цэгцлэх хэрэгтэй. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс нь эхлээд. Ядаж, л барууны дунд сургуулиудын утга зохиолын сурах бичгээс шууд санаа авмаар байгаа юм. Бүр тиг болгон барьж байгаад дуурайлгаад хийчихэд буруудахгүй. Дээр нь монгол өв сангаасаа нэмээд л болчихно шүү дээ. Хүн бүр уран зохиол ойлгох албагүй байх л даа. Гэхдээ анхнаас нь суурийг нь зөв тавьчих юм бол арилжааны бичвэр, жинхэнэ уран зохиол хоёрын зааг ялгаа ядахнаа тодорхой болно. Манайд тийм зааг байхгүй, ялгаж салгаж зааглах чадвартай судлаач ч үгүй шахам байна. Оюунлиг цөөнх нь массаа өөд татаж л тухайн үндэстний сэтгэлгээ тэлдэг болохоос, массын хошуурсан бүхнийг төр засаг нь популист хонжоо харж дэмжээд байвал хөгжил ярих байтугай ухрахад хүрнэ. Уншигчид нь аливааг эрүүл саруулаар цэгнэх чадвартай улс орны уран зохиол илүү хөгждөг. 

         -Шивээс бол биедээ тэмдэглэн үлдээх дурсамж, түүх билгэдэл, хүндлэл, мөн дотоод ертөнц нь бие дээр нь илэрч байгаа үзэгдэл гэж боддог. Харин яруу найрагч хүний дотоод ертөнц нь зохиол, туурвил дээр нь илэрдэг байх. Та харин үүнийгээ зураг болгон шивүүлье гэсэн бодол байдаг уу?

         -- Шивээсийг би домгийн цаг үеийн сахиус гэж ойлгодог. Ав тулааны үед биеэс салж гээгдэхгүй, үргэлж заяач тэнгэрээ дуудаж хань татаж явахад тус болдог. Энэ утгаараа сэтгэлзүйн агуулгатай, учир домтой зүйл. Эртний энэ шүтлэг бишрэл өнөөдөрт хүрэхдээ урлаг тал нь давамгайлж л дээ. Хадны зургаас орчин үеийн урлаг үүссэн замнал шиг л түгээмэл зүй тогтол. Ер нь би шивээсэнд дуртай. Залуудаа өөртөө зориулан олон янзын шивээсний загвар боддог, шөнө орондоо орчихоод бие дээрээ элдвийн тэмдэг дүрс хуруугаараа зурж төсөөлдөг байсан...

         -“Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Цагаан, хар, улаан” гээд романуудын чинь гол дvрvvдээс нэг нийтлэг зvйл ажиглагддаг. Амьдралаас уйдсан, эсвэл амьдралыг хэт их мэдэрсэн тийм дvр... Та тэдгээр дүртэй хэр ойрхон бэ?

         --Миний л бодож олсон дүрүүд болохоор, тэдгээр хүмүүсийн дор хаяж тал хувьд нь би явж л байгаа.

         -Романуудаа бичиж хэвлүүлэхдээ жижигхэн холбоосоор хэлхээд байдаг нь маркетинг юм уу. Угаасаа тэгж таардаг юм уу?

         --Маркетинг бодож зохиол бичдэг хүн байдаг л байх. Би бол аливаа уран бүтээл маркетингийн залиас биш, сэтгэл зүрхнээс төрдөг л гэсэн итгэл үнэмшилтэй.

         -Ихэнх зохиолуудад тань монголчуудын шашин шүтлэг, итгэл бишрэл зонхилдог шалтгаан юу вэ?

         --Энэ бол зүгээр л сэдэв шүү дээ. Гэхдээ миний дуртай сэдэв. Харин асуултыг багахан залруулахад “ихэнх” гэдэг үгийг тань би “зарим” гэж засмаар байна.

         -Монгол туургатан улсуудаар нэлээд судалгаа хийсэн санагддаг. Нэгдмэл Монгол Улс байгуулагдана гэдэгт итгэдэг үү?

         --Мэдээж, мөрөөддөг. Итгэдэггүй. Ямар ч боломж үлдээгүй л дээ.

         -М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг Та төгссөн. Энэ сургуулиас олж авсан хамгийн том олз гэвэл Та юуг хэлэх вэ?

         --Нэгдүгээр курсын өвлийн шалгалтаар “Медея”-г уншаагүйгээсээ болоод “алтан гурав” авсан. Маш их ичиж байтал манайхан “Зүгээр ээ, дунд л аваад явахад болдог юм” гэж тайвшруулав. Ачаа хөнгөрөөд явчих шиг сайхан санагдаж, хичээлээ оромдосхийн аргалдаг болчихоод байтал, хоёрдугаар курсын нэг шалгалт дээр Стендалийн “Пармын хийд” гээд огт уншаагүй роман таарчихлаа. Кешокова гээд, сүүлд нь декан болсон эмэгтэй багш байсан юм. “Нөгөө асуултаа халтар хултар мэдэж байсан болохоор танд би гурав тавьж болно. Гэхдээ ийм сайн романыг ахиж хэзээ ч уншилгүй өнгөрчих вий гэж өмнөөс чинь харамсаж байна. Уншчихаад ирж дүнгээ тавиулаарай” гээд буцаав. Тэгж би Фабрицио дель Донготой танилцсан бөгөөд багшийн асуултад бүдрэхгүйн тулд их ч соргог уншсан. Номыг буурьтай, нягт уншиж сурсан минь тэндээс эхтэй. Хамгийн том олз минь ч байж магадгүй санагдаж байна, яг одоо бол.

         -Монголын шинэ үеийн утга зохиол, түүний төлөөлөгчдийн талаарх Таны байр суурь, дүгнэлт бусдын дургүйцлийг хүргэсэн нь нэг биш. Хэтэрхий эрс цочмог, хайр найргүй, хатуу ширүүн ханджээ гэх бодол одоо төрдөг үү? Эсвэл үнэнийг л хэлсэн гэдэгтээ итгэдэг үү?

         --Залуу ч байж, олон зүйлийн наад цаадхийг ойлгодоггүй явж. Талийгаач Хасбаатар гуай нэг удаа “Нэмэргүй байдаг юм даа. Цаадуул чинь хүлээж авахгүй. Чи л өөртөө баахан дайсан хураагаад дуусна” гэж билээ. Тэр үедээ би өөрийгөө тодорхой зарим уншигчийн оюун санаанд нөлөөллөө л гэж бодсон. Одоо эргээд харахад, хүмүүс бахь байдгаараа л үлдсэн байна. Үр дүнд нь үнэхээр л би өөртөө аар саар дайсан хураасан байна. (инээв)Уг нь бол хатуудуулж ширүүдүүлээд байсан юм үгүй л дээ, жирийн үнэнийг л жирийн байдлаар хэлсэн. Одоо эргээд уншвал, хориод жилийн өмнө гэхэд үнэн л юм хэлж байж шүү дээ гэж та бодох болно.

         -“Газар шороо”, “Тунгалаг Тамир”-ийг бид сонгодог гэж үздэг. Үнэнийг хэлэхэд одоо бол сонгодог бүтээл туурвихад хэцүү гэдэгтэй та санал нийлэх үү?  

         --Сонгодог гэдэг бол “сонгодог” хэмээх үгээр томьёолсон, нэг л хэв загвар юм. Хомер, Сэрвантес, Шэкспир, Монтэнь дөрвөөс бусдыг нь сонгодог гэж нэрлэдэггүй байсан үе бий. Дараа нь тэр нэр томьёо цаг хугацааны хувьд наашилсан. “Фауст”, “Моби Дик”, “Карамазов”, “Өвгөн тэнгис хоёр”, “Годог хүлээх зуур”, “Зуун жилийн ганцаардал” бүгд сонгодог шүү дээ, одоо. Энэ бүх сэтгэлгээний задрал, өгүүлэмжийн дэвшил, бичих арга барилын тэсрэлтийн дараа эргээд л Шэкспир маягийн жүжиг бичнэ гэдэг бол ухралт л даа. Загвар нь бэлэн учраас бичихэд бол амархан. Манай найруулагчид уухайн тас шүүрээд авах ч байх, хүмүүс магтацгаах ч байх. Гээд яах юм бэ? Утгагүй биз дээ?

         -Өвөрмонголд Халх зохиол унших халуурал байдаг. Гэхдээ криллээс хөрвүүлэх энэ тэр гээд зардал нэмэгдэж хүч, хөдөлмөр ихэсч, хүчирдэл олон болдог. Хэрвээ Монголын зохиолч номоо шууд монгол бичгээр хөрвүүлж, ар, өвөр Монголд зэрэг худалдвал Монголын зохиолч номоороо амь зуух, муугүй амьдрах боломж нээгдэх шиг. Энэ талаар бодлоо ярина уу?

         --Ер нь монгол бичгээ оюуны эргэлтэд оруулж, бодлоготойгоор ном хэвлэж, залуусыг үндэснийх нь бичигт ойртуулж эхлэх цаг болсон шүү. Хятададном хэвлүүлэхэд монгол бичигт хөрвүүлэхээс илүүтэй үзэл суртлын хяналт хамгийн гол бэрхшээл болов уу. Монгол улсад гарч буй бүхэнд соргог, шимтэнгүй ханддаг халуурал Өвөрмонголд үнэхээр байна аа. Сэхээтнүүд нь кириллээр сүрхий уншдаг ч болж. Дөнгөж сая нэг найз минь утасдаад “Судасны чимээ”-г Хөххотод гар дамжуулан ноортол нь уншицгааж, бас энэ Цагаан сарын амралтаар “Судасны чимээ” романд гардаг газруудаар хийх аялал зохионо гэсэн зарлал явж байна гэсэн сонин дуулгасан шүү.

         -Та өөрийнхөө гол бүтээлийг туурвисан гэж боддог уу?

         --Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Үүнтэй адил, дараагийн ном маань ямар болохыг би одоо хэлж мэдэхгүй байна л даа.

         -Таны “Шүгдэн” роман гайхалтай байлаа. Харин сүүлийн “Судасны чимээ” роман дээр таныг цаашаа нэг алхсан гэдэгт эргэлзэж байна. Та юу хэлмээр байна?

         --“Бөөгийн домог”-оос эхэлсэн нэг мөчлөгөө би “Судасны чимээ”-гээр хайрцаглаад, энэ дөрвөн романаар нэг том санаа хэлэхийг бодсоноо бараг л гүйцэлдүүлсэн. Дөрвүүлээ л, нэг удаа гүйлгэж уншчихаад цааш тавьчих романуудаас ондоо ажлууд болсон. Өөр өөр сэдэлтэй учраас хооронд нь харьцуулахад зохимжгүй санагдаж байна.

         -Та романуудаараа нүүдэлчин Монголын уламжлалт соёлыг сурталчилж байна. Гэвч уран зохиолын хөгжилд энэ тийм хэрэгтэй сэдэв гэж үү?

         --Сэдэв бол зүгээр л дэвсгэр шүү дээ. Уран зохиолыг сэдвээр нь дүгнэдэггүй.

         -Та Монголын туужийн антологи гэж гаргасан. Тэр нь гэхдээ худалдаанаас гэнэт татагдаад, дарагдчихсан нь ямар учиртай вэ?

         --Худалдаанаас татсан юм ер байхгүй. Товчоор хэлбэл, тэр үед мөнгө муутай байсан тул туужийн антологийг цөөн тоогоор хэвлүүлсэн юм аа. Хүмүүс худалдаж авахгүй, дэлгүүрт хэвтээд л байсан, би ч баахан бэлэглэсэн, тэгж ингэж байгаад нэг юм дуусгаж амарсан. Ердөө л энэ. Гэхдээ Монголд дунд зэргийн антолог бүрдүүлчих хэмжээний, тийм олон сайн тууж байхгүй юм билээ. Ер нь антолог гэдэг нэг удаагийн, ишилсэн сүх шиг тэгээд л орхичих ажил биш л дээ. “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологуудыг ахин нэмж хасах санаа бий. Шинээр гарч ирж буй залуусын бүтээлээс оруулна, тийм маягаар шинэчлэх бодол байна.

         -Хүний унаган онгод сэрэхүй өөрийнх нь мөн оршихуйн ус агаар мэт амьд байлгах цор ганц үндэс хэмээн сүсэлбэл Та амьд байна уу?

         --Хүн ямар үед амьд байдаг гэж би боддог гээч? Яг өөрийнхөө үзэл бодлоор дуугарч байгаа үедээ л. Онгод, сэрэмж яг өөрийн үзэл бодол мөн үү биш үү, би тодорхойлж чадахгүй. Мэдлэг, мэдээлэл хоёрын ялгаа өнөөдөр бараг үзэгдэхээ больчихсон цаг үед бид амьдарч байна л даа. Бусдын бичсэнээс санаа аваад, хэн нэгнээс дуулснаа өөрийн бодол юм шигээр дамжуулан ярьж, магадгүй бүр хичээл зааж, тэгж явсаар элдэв цол зэрэг зүүж, бас хүний аясыг дуурайсхийн шүлэг зохиол бичиж яваа нэгэн бол зүгээр л сүүдэр, цуурай төдий хүн гэсэн үг. Тийм хүмүүсийг харахаараа, иймэрхүү сүүдрүүдийг үзэхээрээ чи өөрийгөө амьд юм байна гэж үнэнээсээ мэдрэх болно.

         -Сүүлийн үед юу таныг их баярлуулж, юу бухимдлыг тань хүргэж байна вэ?

         --Ёстой хариулж чадахгүй нь ээ. Дөч гараад ирэхээр учиргүй баярлаж, бухимдахаа бараг л больчихдог юм шиг ээ. Ялангуяа, над шиг сайнаар ч муугаар ч өчнөөн хэлүүлж, байсхийгээд л хэвлэлээр гүтгүүлдэг хүн бол бүр дөжирчихдөг юм уу даа.

         -Таны хүндэлдэг болон ойр дотны найз нарт чинь ямар нэгэн ерөнхий шинж, зан чанар байдаг уу?

         --Байхгүй. Зарим нь ядаргаатай, зарим нь огт түвэг уддаггүй, зарим нь архичин, зарим нь огт амсдаггүй, зарим нь хоржоонтой, зарим нь тус дэмтэй, зарим нь номонд дуртай, зарим нь бол ном сөхөж хардаг ч үгүй гээд олон янзын л хүмүүстэй би нөхөрлөдөг. Тийм байх нь ч надад сонирхолтой байдаг. Бүгдээрээ нийтлэг зан араншинтай олон найзаар юугаа хийх вэ дээ. Нийтлэг л байх юм бол, нэгтэй нь л найзлахад хангалттай.

Шинэ ном

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.

Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.