Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ТАРНИ МЭТ БОРХЭС

Шүлэг уншихаас илүү тайтгарал гэж амьдралд байдаг болов уу? Борхэсийн шүлгийг яг бичигдсэнээр нь харж, өөрийнхөөрөө дуудваас, нэг л сонин ид шидийн гэмээр тайвшрал төрөх нь түвд тарни мэт. Тэгээд заримаас нь Уильям Стэнли Мёрвины орчуулгад дулдуйдан монголчилж баяслаа:

 

ҮХЭЛД ХАЛАГЛАХУЙ

 

Дурсан санахаас ч, найдахаас ч ангижирчээ,

Хязгааргүй,хийсвэр, этгээд зөгнөл шиг,

Дулаан амьсгалаа эгнэгт хураасан цогцос:

Үхэл хэмээгч энэ ажээ.

Шид увдисын бурхан саваадчихсан аятай

Шинж төрхөө тэр нэгмөсөн гүвжээ.

Талийгаач одоо хаана ч хэн ч биш,

Та бидний ертөнцөд эзгүй хаягдал төдийхөн.

Хөөрхийд ганц өнгө, тасалданги авиа ч үлдээлгүй,

Хүүрийг нь бид юу ч үгүй цөлмөжээ:

Эндхийн хашааг нүд нь ахиад олж харахгүй,

Итгэл найдвар нь түүний замыг тосохгүй.

Бодох сэтгэх бүхнийг маань яг ижилхэн

Бодож байж магадгүй ч, ойшоогдохгүй.

Өдөр шөнийн нандин эрдэнэсийг бид

Өөр зуураа л, хулгай мэт сэм хуваалцмуй.

 

 

АМИА ХОРЛОХУЙ

 

Шөнийн гүнд өнчин од үлдэхгүй.

Шөнө өөрөө ч үлдэхгүй.

Намайг үхэхэд, тэвчишгүй ертөнцийн тээр дарамт

Надтай цуг адилхан л нүд анина.

Үхлээрээ би цац суваргуудыг, тив дэлхийг,

Үнэт зүүлт, танил төрхүүдийг ч ул мөргүй арчина.

Өдий болтол зузааран хуралдсан

Өнгөрсөн цагийг ч баллан арилгана.

Үүх түүхийг би тоос болгож, хумхийн тоосыг ч үтэр замхраана.

Өнөө би сүүлчийн удаа нар шингэхийг харж байна.

Орчлон дээр эцсийн шувуу жиргэхийг чагнаж сууна.

Орхиж хэнд ч гэрээслэх юу ч надад алга.

 

 

ҮЗЭГ НЭГТЭН

 

Тэд намайг цовдлоно. Тэлж хадах юм байх.

Тэгээд гарт минь аяга бариулна. Хор юм гэнэ ээ.

Тэд намайг мэхэлнэ. Худал яриулах санаатай.

Тэгээд амьдаар минь шатаана. Тамыг мэдрүүлэх нь ээ.

Агшин хором бүрийг би сүслэн талархах ёстой.

Аливаа юм бүгд – намайг тэжээх хүнс.

Мөрөн дээр дарах хорвоогийн үнэн. Басамж доромж, баясал зугаа.

Мөхөөн тарчлаагч бүхнийг би ухаарч зөвтгөх учиртай.

Аз, эз хоёр энд ямар ч хамаагүй.

Анхнаасаа л яруу найрагч төрснийх минь.

Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.