Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Хасбуу тамга, алтан Махгал хоёрын аль нэгийг баатраараа мөшгүүлнэ гэж анхнаасаа төлөвлөсөн...

“ӨДРИЙН СОНИН” 2015 оны 2-р сарын 5-ны өдрийн дугаартаа шинээр гарсан романы талаархи доорхи хөөрөлдөөнийг ийм гарчигтайгаар нийтэлжээ.

 

                -Сайхан өвөлжиж байна уу, та? “Судасны чимээ” шинэ романаа уншигчдад хүргэчихээд лнуруун дээрээсээ хүнд ачаа буулгачихсан юм шиг амсхийж байна уу?

                -Сайхан өвөлжиж байна аа. Роман бичиж сууна гээд гэрийнхээ хамаг ажлаас чөлөөлөгдөөд амар байсан юм. Одоо нэгэнт ном гарчихсан болохоор, цагаан сарын бэлтгэлд дайчлагдаад л гүйж явна даа. (инээв)

                -“Судасны чимээ” роман хавтаснаасаа эхлээд сонирхол татахуйц юм. Номонд чинь гардаг хасбуу тамганы  дардасын хувилбарууд уу?

                -Тийм ээ, дээд талынх нь Богд хааны ордон мүзейд байгаа урт шар хадган дээрх дардас, доод талынх нь Мүгдэний Шар зууд тахигдаж байсан, Лигдэн хааны тамганы дардас.

                -Бас тэр бурханы хөрөг таны романд гардаг Алтан Махгал бурханы дүр үү?

                -Анхнаасаа хасбуу тамга, алтан Махгал хоёрын аль нэгийг баатраараа мөшгүүлнэ гэж төлөвлөсөн юм. Мэдээж, Монгол төрийн онцгой шүтээнүүд гэдэг утгаар нь бас бэлгэшээсэн л дээ. Өөрөө ч тамгыг нэлээд сонирхож, мөшгиж үзсэн. Алтан Махгалын тухайд бол Шар зуугийн одоогийн хамба нь “Хэдийгээр маш их алт орж бүтсэн эд боловч, хэн ч бай хайлуулж зүрхлэхээргүй, онцгой эд байгаа. Алтыг нь авахын тулд Махгалыг устгаагүй, нэг газар тэр чигээрээ л бий” гэж итгэлтэй хэлсэн болохоор бурхны эрлээсээ хамаг сэжүүрийг хөөж гаргая гэж шийдсэн л дээ.

                -Төрийн цогт эрдэнэ хэмээх нандин шүтээнүүд үнэхээр бодит түүхийн улбаатай юу?

                -Өө, тэгэлгүй яахав. Лигдэн хаан өөрөө биечлэн хөрөнгө босгож Ганжуур судрыг бүрэн монголчлуулж гүйцээгээд, анхны эх судраа алтаар барлаж төрийн гурав дахь их шүтээн болгож залсан гэж түүхэнд бичээтэй байгаа. Өмнө нь Юань улсаас өвлөгдсөн хасбуу тамга, Махгал бурхан хоёр төрийн эрдэнэд тооцогдож явсан. 1000 лан буюу 40-өөд кг шижир алт оруулж цутгасан Хубилай хааны Гомбо Махгал шүтээний талаар анх Захчид Сэцэний “The Last Mongol Prince” хэмээх АНУ-д хэвлэгдсэн номоос олж үзсэн юм. Тэгээд л нэг романы сэдэл болгоно доо гэж санаад явсан минь энэ. Орчин үеийн сэдвийг нь бүгтхэн бодчихсон, харин Махгалтай холбох сэжүүрээ нэлээд удаан хайж, юутай ч Мүгдэнд очоод тахиж асан сүмийг нь харвал нэг юм бодогдох байгаа гэж найдсанл даа. Бүтэх юм гэдэг цаанаасаа л бүтээд явчихдаг шүү дээ. Хэд хэдэн сүмийг газрын зургаас олж тэмдэглээд, дотроо мэргэлж байгаад, шууд л гараад давхичихсан. Гэтэл хийдийн хашаа руу оронгуут “Мүгдэн хот дахь Шар сүм” гээд монгол бичгээр дурайтал сийлчихсэн том шар бойпор нүдэнд туссан даа. Өмнө нь, Чанчунд доктор хамгаалж байгаа түүхч залуугаас Шар зуугийн тухай сурагласан ч баттай юм олж сонсоогүй тул олно гэдэгтээ итгэл муутай явсан. Тиймээс их ч баярласан. “За, энэ роман ч бичигдэх ёстой юм байна аа” л гэж бодсон доо.

                -Манжийн хааны монгол хатны бунхан гэж тэр хотод байна уу?

                -Зохиолд минь бичсэн яг л тэр янзаар, их сайхан бунхан бий. Тэр монгол эмэгтэй Энх-Амгаланг долоон настайд нь их ор суулгаад, үнэн хэрэгтээ өөрөө Чин улсын төрийг барьж байсан хатан хаан шүү дээ. Энх-Амгалан хаан бол энэ эмээгийнхээ үгээр хүмүүжсэн, ээж нь цэвэр монгол, аав нь монгол манжийн эрлийз гээд бодохоор далан таван хувийн монгол цустай гэсэн үг. Манжийн хаад манж, монгол хэлийг тэнцүү мэддэг, монгол хэлийг багаас нь зэрэгцүүлж заадаг байж. Ижил мөрнөөс нүүж ирсэн торгуудын Увш ханыг бараалхахад Манжийн Тэнгэр тэтгэгч хаан монгол гэрт хүлээн аваад, монголоор ярилцаж найрласан гэдэг. Ямар сайндаа л манж түшмэд Увшаас “Манай хаан монголоор сайхан ярьж байгаа биз?” гэж асуухад Увш “Хорчин аялга жаахан түвэгтэй байна шүү” гэж хариулж байх вэ дээ. Би Шаарийбуу гуайг амьд сэрүүнд ярилцлага авч байсан. Манжго улсын торгон цэргийн дарга явсан тэр хүний ярьснаар бол, сүүлчийн эзэн хаан Фү-И бас монгол яриаг саадгүй ойлгодог байсан юм билээ.

                -“Цагаан хар улаан” романы нэгэн дүр ховор олдворын мэргэжилтэн Мэндээ “Судасны чимээ”-нд дахин орж иржээ дээ?

                -Алтан Махгалыг эрж олъё гэж бодох хүн мань Мэндээгээс өөр хэн байх вэ дээ. Энэ Мэндээ бол өөрөө л миний роман руу ороод ирсэн дүр. Тэр жил Ховдын Булганд явж байтал сумын зочид буудлын гадаа хоёр “Ланд-80” давхиж ирлээ. Хэдэн залуу картон хайрцаг задчиж, нэг зүйлийг учиргүй нандигнаад боож байна. Би учрыг нь сонирхвол “Металл хайгч. Юу л бол юу олно” гэхчлэн нөгөө багажаа магтаад сүйд. Тэгмэгц л булш бунхан ухдаг нөхрийн дүр санаанд амилаад ирсэн. Мэндээгийн дүрээр би их олон зүйл хэлэхийг хичээсэн л дээ.

                -Таны романд гардаг хорчин бариач Алтан-Уул бодит хүнээс сэдэвлэсэн дүр гэл үү?

                -Тийм ээ, тэр өвгөний гэрт зочилж, үг яриаг нь сонсож, увидаст гарыг нь атгаж, ярьж хөөрч суусан минь миний амьдралд тохиолдсон нэг гайхамшигт учрал. Монгол үндэстний, өөр хаа ч үлдээгүй аугаа эрдмийг өвлөн уламжилж яваа, онцгой увидастай энэ өвгөн орчин үеийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой хүн байна билээ. Ер нь ч хорчин бариач гэдэг эрт дээр үеэсээ алдартай шүү дээ. Эртний сайхан ерөөлөөр ийм ховор хүнтэй таарч байхад чинь романы баатар болгохгүй бол нүгэл. (инээв)

                -Хорчин түмэн гэж сайхан хүмүүс биз?

                -Өө, гайхамшигтай. Яасан ч хүчирхэг, яасан ч өнөр өтгөн аймаг байсан юм бэ! Өнөөгийн Өвөрмонголын монгол хүн амын тэн хагас нь хорчин шүү дээ. ХХ зууны эхэн хагаст бол монгол үндэстний дотор хамгийн том ястан нь хорчин, хоёр дахь нь халх байсан юм билээ. Өнөө хэр өвгө дээдсээ Хасараас эхлэн 30, 31 дэх үе гээд тоолоод явж буй, яг л миний романы Алтан-Уул бариач шиг бахархмаар сайхан монгол хүмүүс дээ.

                -Хорин тэрэг мод гурав хоног шатахад дотроос нь зүв зүгээр гарч ирсэн бөө, удган хоёрын түүх гайхалтай санагдсан шүү...

                -Тэр их галын хүрээн дотор хэнгэрэг норгох төдий хэдэн ган устай л бөөлөөд амьд үлдэнэ гэдэг үнэхээр гайхмаар. Хоёр хүнийг шатаахад хорь битгий хэл ганц тэрэг мод л хангалттай. Дээр цагт язгууртан ноёдыг чандарлахад яг нэг тэрэг мод өрж тавиад л шатаадаг байсан юм билээ. Их тэрэг гэдэг нь ердийн тэрэг түлээнээс нэлээд хувь илүү, “өндөрлөгөөтэй портер” гэдгэрхүү л илүү ачсан ойлголт. Нэг их тэрэг гэдэг дор хаяж 100 кг түлээ. Тэгэхээр хоринтоо чандарлуулчих хэмжээний галаас хоёулаа хайрагдаа ч үгүйгээр үл барам, бүр мөс цан болчихсон гарч ирнэ гэдэг бол хүний санаанд багтамгүй шид биз. Энэ бол үлгэр домог биш, түүхэн бодит явдал шүү. Тийм идтэй, хүчтэй хүний үр садтай нүүр тулан уулзаад би үнэхээр гайхсан.

                -Найман ган ус зэхүүлсэн нь хэнгэргээ л норгох зорилготой юм уу?

                -Хэнгэрэг амьтай гэж бөө нар үздэг. Хэнгэрэг нь шатчихвал тэд хүчгүй болно. Тэгээд л хэнгэргээ норгож байхын тулд ус зэхүүлсэн юм билээ. Ган гэдэг нь арьс идээлдэг модон торх шүү дээ. Дал наян литр ус орно. Найман тийм ганг зурхайн хөлөл хэлбэрээр өрүүлсэн нь дом байх л даа. Модон торх хоосормогцоо л шатаад дууссан нь гарцаагүй. Харин дотор нь байсан усаар хэнгэргээ норгоод, зүгээр ч үгүй бүр цас мөс болгон хувиргаад өөрсдийгөө хамгаалсан нь яалт ч үгүй увдис юм. Ер нь тайлагдаагүй, хэзээ ч тайлагдахгүй нууц их байна шүү.

                -Монгол уламжлалт эмчилгээ, европ анагаах ухааны ялгааг та сүрхий бичсэн байна лээ. Овоо их судалгаа оров уу?

                -Жор мэдэхгүй ламаас л дээр болсон гэчих үү?(инээв)За, наргиа ч яамай. Уламжлалт анагаахын тал дээр бол“Найдан” эмнэлгийн эмч Ганзориг гол зөвлөгч минь байсан. Ер нь хүний махбодоор дамжуулаад тусах эрсдэлтэй өвчин, дүр төрх, зан авир гээд бүгдийг нь нэвт шувт тодорхойлж болдог юм билээ. Дурдагдсан баримтууд бол санаанаасаа зохиочихсон, дэгс яриа огт биш. Бичих явцдаа би өөрөө ч өвчин гэж юу болохыг давхар ухаарсан. Магадгүй, бид өвчин гэж чухам юу вэ гэдгийг ойлгочихвол, амьдралыг ч бас ойлгож танихад хялбар болно.

                -Ер нь зохиолуудыг чинь анзаарч байхад гол дүрийн баатрууд чинь бодит хийгээд сэтгэлгээний ертөнцөөс ямар нэгэн зүйлийг хайгаад байдаг. Хүний амьдрал бол мөнхийн эрэл юм аа гэсэн философийг та уншигчдад мэдрүүлэх гэж тэр үү?

                -Уншигчдад мэдрүүлэхийг хичээсэн зүйл олон бий. Харин бичих чадвар минь зорилгодоо хэр тэнцсэнийг хэлж мэдэхгүй байна. Юутай ч, “амьдрал бол эрэл”ч гэдэг юм уу, “амьдрал бол эмзэглэл”гэх маягийн цэцэрхэл хэлэхгүйгээр амьдралын тухай эргэцүүлэл тийш хэн нэгнийг хандуулж чадвал зохиолч хүний ололт тэр юм даа.

                -Уншигчид дунд англи хэлтэй ч хүн бий. Ор тас мэдэхгүй ч хүн байгаа. Романы бүлэг бүхний урд ямар ишлэл үгүүдийг оруулсан юм бол?

                -Хамлетын үгээр эхний бүлгийг эхлүүлсэн нь Мэндээгийн дотоод ертөнц дэх шунал ба ухаарлын тэмцэлдээнийг дам бэлгэдсэн хэрэг. Энэ романыг ерөнхийлөөд “Алтан Махгалын эрэл” гэж нэрлэсэн ч болмоор санагдаж байсан. Тэр эрлийн гүнд өөртэйгөө тэмцэлдэх зөрчилдөөн, өвчин, хүнийг тайван нойртой ч хонуулахгүй адгалтууд шингэсэн байгаа. Энэ санаанд уншигчийг бэлэн байгаасай гэсэндээ Шэкспирийн үгийг ишлэл болгон өмнө нь тавьсан хэрэг. Дэд бүлгийн эхэнд буй Жойсын үг бол олон жилийн өмнө тэмдэглэж аваад, онцгой тохиолдолд хэрэглэнэ дээ гэж хадгалсан үг. Карвэрын үг ч мөн адил...Орчуулчихвал амт нь алга болчихоор тийм л хэтийдсэн гоё үгс.Тэдгээр үгсийг эх хэлээр нь, яг л бичигдсэн тэр янзаар нь оруулснаараа би тухайн зохиолчдод бас хүндэтгэл үзүүлж байгаа юм аа.

                -Романы нэг дүр Насаагийн тухай “Юутай ч, хүүхнүүд түүнийг хар аяндаа л анзаарахаа больцгоож. Цаг, мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог. Ухаан суугаад л бид дур булаам чанаруудаа гээдэг. Залуу нас гэдэг бол үрж салхинд хийсгэсэн цаг хугацаа. Хийсээд үгүй болсон зүйлийн хойноос халаглахдаа бид өөрсдөө ч анзааралгүй хөгширцгөөдөг” гэсэн байсан. Үүнийг би их үнэн үг юм даа гэж бодсон шүү...

                -Үнэн үг шүү. Би чинь одоо дөч гарчихлаа шүү дээ. Гучтайдаа ойлгоогүй, олж харж чадаагүй олон зүйлийг ухаарч, мэдэрч байна. (инээв)

                -Зохиолын баатар Мэндээгийн эртний эдлэлийн мөрөөр хөөх, Насаагийн “Битлз”-ийн дуугаар орчлонг төсөөлж, зохиомол улсын түүхэн ном бичих, Алтан-Уул бариачийн судас барих гайхамшигтай эрдэм увьдас, монгол эмчийн судас бариад ирээдүйг тааварлах зэрэг бүгд хоорондоо гайхалтай уялдсан байсан шүү. Энэ бүхнийг бодож төлөвлөхөд хэцүү биш үү?

                -Өө, хэр баргийн зохиолч ийм нарийн бодож чадахгүй. (инээв) За, за, тоглосон юм. Уншигчийн хувьд чамд зохиомж, уялдаа нь зохицлоо гайгүй олчихсон санагдсан л бол хангалттай. Орчин цагийн романд интерактив чанар хамгийн чухал. Зохиогч сэжүүрийг нь гаргаад орхичихсон зүйлийг уншигч төсөөллөөрөө баяжуулж төгөлдөржүүлээд, тэр хүний оюун санаанд ямар нэгэн давтагдашгүй зүйл үүсч байвал л, тэр жинхэнэ зохиол юм.

                -Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс ойрд ямар бүтээл дээр ажиллаж байна даа. “Хотын үлгэрүүд”-ээс хойшшинэ номоо гаргаагүй санагдах юм?

                -Өлзий удахгүй яруу найргийн шинэ ном гарганааа.

                -“Шүгдэн” роман тань хэвлэгдсэний дараа Далай ламын “Шүгдэнг шүтэхийг хориглох тухай айлдварууд” гэсэн ном гарсныг олж үзээд Аюурзана зохиолч хэрвээ барууны ертөнцийн уран бүтээлч байсан бол Дэвид Зельцертэй эн тэнцэхүйц шашны эсэргүүцэлтэй тулгарсан уран бүтээлч байх биз ээ гэж бодож байлаа... 

                -“Шүгдэн” романыг минь буруу зөрүү ойлгосон хүмүүстэй тааралдсаар бүр залхаж гүйцлээ. Энэ ном гарсны дараа лам нарын аль аль фракц надад дургүй болсон юм шиг билээ. (инээв) Харин миний хувьд хамгийн олзтой нь энэ зохиол дээр ажилласан, Гүмбумд очиж жаал жуулхан суусан, Түвд рүү аялсан тэр нэг жилийн хугацаанд би өөрөө жинхэнэ буддист болсон доо. “Шүгдэн” дотор найздаа хор өгдөг лам гардаг аа даа? Тэр үйл явдлыг л гэхэд маш олон янзаар мушгиж тайлбарлацгаахыг дам сонсоод би бүр мэл гайхсан шүү. Тэгээд “Судасны чимээ” дотор түвдүүдийн дунд өөрөөсөө илүү эрдэмтэй хүнд хор өгч, буян эрдмийг нь авдаг гэсэн мухар сүсэг, хар дом байдаг тухай зэрвэсхэн дурдсан. Тэр өгүүлэмжээр дамжуулж, нөгөө л байнга яриад яваа, монгол үндэстний ухамсар эрлийзжин уусч сарниж байгаа тухай өөрийнхөөрөө дуугарсан юм л даа, уг нь. Одоо тэгээд зарим бүрхэгдсэн санаагаа энэ мэтээр тодруулж байх шив. Ийм гажууд ёс байдгийг мэдэж авсан уншигч Дарамбалаар дамжуулаад Хөхнуурын монгол лам нарын түвджсэн сэтгэлгээг бас олж харж, анзаарч магадгүй. Ер нь бурхны шашны манлайд түвд лам нар явдаг, уламжлалт эмнэлгийн дээд нь Түвдэд байдаг гэх явцуу ойлголт баруунд төдийгүй Монголд ч газар аваад, сүүлдээ манайхан түвд лам л гэртээ залах гэж өрсөлддөг, монгол лам нараа эрдэмгүйд тооцдог явцуурал их болжээ. Эцсийн эцэст бурханы номын өгөөж нь залсан ламын зэрэг зиндаа, үндэс угсаанаас илүүтэй өөрийн дотоод билиг оюунтай л шууд холбоотой. Уусч хайлахын тухайд бол бид зөвхөн Хятад руу л хараагаа тавиад байдаг. Гэтэл өөрсдөө сөнөж буй түвдүүд чинь Хөхнуурт бол монголчуудыг айхтар түвджүүлсэн нь илт анзаарагддаг. Хувцас хунар, хэл ярианаасаа эхлээд л. Одоо тэгтэл шашнаар дамжаад манай оюун санааны тодорхой хэсэг ч түвджих хандлагатай болох нь. Энэ бол бас бодох ёстой зүйл шүү. Дашрамд хэлэхэд, би Шүгдэн шүтдэг хүн биш. Гэхдээ Шүгдэн шүтдэг хүмүүсийг ойлгодог. Тэднийг гэмтэн шиг үзэж байгаа нь буддист хандлага огт биш. Жинхэнэ буддизмд туйлшрал байх ёсгүй. Сайн муу, аврагч дайсан, бурхан буг гэж талцаж туйлширч байгаа л бол тэнд буддизмын төв үзэл алга гэж ойлгох хэрэгтэй.

                -Та энэ романаа харьцангуй хурдан биччих шиг боллоо. Ноднин өдийд “Цагаан Хар Улаан” гарч байсан гээд бодохоор, жилийн дотор л бичээд гаргачихав уу даа?

                -Урьдын номуудаа би нэг хэсэг орхиж, нэлээд мартагнаад ахин шинээр уншиж засдаг байсан. Гэвч хэтэрхий хичээх нь яг л нөгөө могой зурдаг хүний үлгэр шиг болчих гээд байх юм билээ. Нэг хүн могой зурж л дээ, зурснаа харж харж улам сайхан болгох гэсэндээ нэмээд хөл зурчихсан чинь тэр нь ерөөсөө могой биш болж орхисон тухай үлгэр байдаг. Романыг ч гэсэн яг л шүлэг шиг орж ирмэгц нь бичээд, гацмагц нь орхиод, бичигдээд гүйцмэгц нь дуусгаад салж байх хэрэгтэй юм шиг байна. Зарим зохиолч удаан нухах тусмаа л сайн гэх ухааны юм яриад байдаг. Энэ бол дэндүү, бүр дэндүү хоцрогдсон ойлголт. Орчин үе бол Толстойн үеэс тэс өөр. Бичих хурдын тухайд бид харин ч маш муу байгаа. Нэгбүрчлэн гараар бичиж, засах боллоо гэхэд ахиад эхнээс нь хуулж, тэр гар бичмэлээ бичээчээр машиндуулж, эргэж уншиж засаад ахин машиндуулж сая цэгцэлдэг, зохиол бичихээсээ илүү хар ажилд хамаг цагаа зардаг байсан тэр үед л гэхэд Достоевский “Тоглоомын донтон”, “Гэм зэм”, “Солиот” гурвыг жил дараалан, “Карамазовын ахан дүүс” гээд аймаар том романыг хоёрхон жилд биччихсэн байдаг...

 

Ярилцсан Л.БАТЦЭНГЭЛ

Шинэ ном

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.

Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.