“Судасны чимээ” роман гармагц л хүмүүс хасбуу тамга хаана байж болох талаар надаас асуух болов. Би хасбуу тамга хайж сурвалжилсан зүйлгүй, зүгээр л романыхаа зохиомжид хэрэг болох жаахан зүйл хүнээс олж сонссон төдийгөөс хэтрэхгүй, тэгээд ч миний шинэ роман хасбуу тамгатай гэхээсээ илүү Хубилай хааны алтан Махгал бурхантай ойрхон, учир нь гол баатар маань тэр бурханыг л хайдаг, гэхдээ аль аль нь зохиолын гол үйл явдалд хамаагүй хэмээн хичнээн учирлавч нэмэргүй, “Тэр тамга яасан бол?” гэх асуултад ээрэгдсээр л сууна.
“Цогт тайж” кинон дээр Лигдэн хаан тамгаа хадны ангалд нуудаг тэр хэсгээс эхлээд л, Богд хааны ордон-мүзейн дотоод хөмрөгт буй урт шар хадган дээрх дардас гэхчлэн “Судасны чимээ” романд бичигдсэн бүхнийг ямар нэгэн эх сурвалж мэтээр ойлгочихсон хүмүүс нэлээд таарлаа. Би романдаа зориулж ойр зуур судалгаа хийсэн нь үнэн л дээ. Гэхдээ уран зохиолын л ном шүү дээ. Тэнд бодот эх сурвалж болчих зүйл бараг байхгүй гэдгийг тайлбарлаад ч хүлээж авах хүн олдохгүй нь бололтой.
Юутай ч, хасбуу эрдэнийн дардас гэж яг юуг олж үзснээ энд бичье. Дараа нь хүмүүс намайг тамганы эрэл хийсэн мэтээр бодохоо болих болов уу.
Богд хааны өвлийн ордон-мүзейд хасбуу тамганы дардас гэх нэг гоё сонин өв үнэхээр бий. Тэр бол маш нягт нэхээстэй, хараажаар үнэтэй нь илт, шар торгон хадагнаа дарсан нэг л тамганы 198 дардас. Хадаг нь бүдэг шаргал өнгөтэй, ямар ч хээгүй, цулгуй, нэг ч залгаасгүй, уртаашаа 8 метр 20 см, өргөөшөө бол 37 см юм билээ. Нэг эгнээнд нь 3-ыг, нийт 66 эгнээ дарсан тул 66х3 тэгээд л 198 ширхэг дардас буй хэрэг. Энд ямар нэгэн бэлгэдэл байгаа юу, эсвэл хадгийнхаа хэмжээнд тааруулаад ийм тоогоор дарсан уу гэдгийг тайлбарлахад хэцүү. Дардсын түүх бүрхэг. Гэхдээ “Судасны чимээ” романд мүзейн няравын үг мэтээр гарч буй яриа бол үнэхээр л ам дамжин яригддаг зүйл. Энэ талаар тус мүзейд нэлээд удаан ажилласан, түвд судлаач Г.Ням-Очир тусгайлан илтгэл тавьсан ч удаатай.
Би хувьдаа мүзей дэх шар хадгийн дардсыг хятан үсэгтэй эртний тамганы дардас байх магадлалтай гэж бодсон. Харин Г.Ням-Очирын тайлбарлаж байгаачлан Чингис хааны хасбуу тамга гэдэг нь эзэн богд Чингис хаанд гэхээсээ Лигдэн хаанд илүү хамаатай биз. Лигдэн хаан өөрийгөө “40 түмэн Монголын эзэн Чингис” гэж өргөмжилж байсан шүү дээ.
Лигдэн хаанаас тамга хураасан тухай, Юань улсын их хасбуу эрдэнэ хэмээн тусгайлан тахиж шүтдэг байсан тухай Манж Чин гүрний түүхэнд бишгүй л бичиж дурдсан бий. Тэрхүү тамганы хамтаар домогт гурван эрдэнийг тахиж байсан гэх сүмд очсон минь мөн л романд бичигдчихсэн тул энд нуршихаа больё. Мүгдэн буюу одоогийн Хятадын Лёонин мужийн нийслэл Шэньяан хотын Шар сүмд тахигдаж асан тэр тамгыг манжууд “Юань улсын их хасбуу тамга” хэмээн зарлаж, шүтэж, хаад нь өөрсдөө тэр тамганы үлгэрээр шинэ тамга үйлдүүлж байсныг бодоход Лигдэнгийн тамга гэдэг нь гарцаагүй бололтой. Юань улс ханз үсгийг өргөн хэрэглэж байсан зэргийг энд тоочихоо азная. Харин Юань улсын гол тамга ханз үсэгтэй байсан мэтээр харагдаж буйд миний хувьд гонсойж, хар бууснаа нуух юун.
Мүгдэнд тахигдаж асан тэр тамга “Төрийн зарлиг уламжлах эрдэнэ” гэсэн эртний дөрвөн ханзтай, хааш хаашаа 13 см, тиг дөрвөлжин байжээ. Харин шар хадган дээрх дардас бол хялбар уншигдахааргүй сонин, эвхмэл найман үсэгтэй, хааш хаашаа яг 8,2 см дөрвөлжин байв. Юутай ч, уламжлалт төрийн тамганы хэмжээ дамжаа ямаршуу байсан тухайд уншигчид дээрхээс санаа авчих биз ээ. За, тэгээд “Судасны чимээ”-г гярхай уншсан хүнд бол хасбуу тамга гэдэг нь “Мөнх тэнгэрийн хүчиндүр Их Монгол улсын далай эзэн хааны зарлиг ил болгоо Иргэнд хүрбээс биширтүгэй аюутугай” гэсэн үгсээр бидний сайн мэдэх Монгол төрийн тамганаас нэлээд ондоо, Төв Ази дахь төрийн эрх уламжлах бэлгэдлийн ойлголт болохыг илтгэсэн санаа бас бий шүү.
2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.
Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.
Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.