Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
БИЛЛИ КОЛЛИНЗЫН ТУХАЙ 3 ЖИЛИЙН ӨМНӨХ ЗУРВАС

                АНУ-д яруу найрагчид нэлээд онцгой түвшинд үнэлэгдэхээрээ төрийн шагнал маягийн нэг өргөмжлөл хүртдэг. “Нэгдсэн Улсын шагнал” хэмээх нэртэй. Их Британийн төрийн шагналаас л санаа авсан юм билээ. Ухаандаа, үндэсний хэмжээний яруу найрагч гэж албан ёсоор тунхаглаж байгаа хэрэг юм уу даа. Дориухан мөнгө дагалддаг уг шагналыг хүртсэн даруйдаа тухайн яруу найрагч Конгрессын номын сангийн яруу найргийн зөвлөхийн албанд 2-3 жил тохоогддог. Орчин цагийн яруу найрагт хэмжүүр тогтоогчийн эрх ямба эдэлж буй энэ албан тушаал нь өөрөө хамгийн том хүндлэл болдог аж. Иосиф Бродский энэ албанд байхдаа АНУ-ын зочид буудал, нисэх буудал, хүнсний дэлгүүр бүрт яруу найргийн шигшмэл антолог тавих санаачлага өрнүүлж ихээхэн дуулиан тарьсан юм даг.

                Югославаас гаралтай Чарлз Симик энэ албанд заларч ахуйд миний бие Конгрессын номын санд очиж, нэг уншлагад оролцсон удаатай. Тэгэхэд Симик өөрөө:

                -Нэгдсэн Улсын шагналт гэхээсээ илүү Яруу найргийн зөвлөх гэж дуудуулах нь надад илүү бахархалтай санагддаг гэж хэлж байсан сан.

                1990-ээд оны эхээр манай улсын Ерөнхийлөгч дэргэдээ үзмэрчтэй байсан. Харин яруу найргийн ч юм уу, үгүйдээ утга зохиолын зөвлөхтэй байх санааг хэн нэгэн дэвшүүлбэл, өнөө хэр үзмэрчтэй байхаас ч долоон дор галзуу үг шиг сонсогдох биз. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр тусгай яруу найрагч уригдаж, маш орчин үеийн сэтгэлгээтэй шүлэг уншдаг улс оронтой өнөөгийн Монгол улсыг харьцуулах нь, мэдээж, утгагүй хэрэг байх л даа. Тиймээс үүнийг үл лавшруулан өгүүлэх нь:

                АНУ бол дэлхий биш. Гэхдээ Марк Стрэнд, Луиз Глюк, Робэрт Хаас, Уильям Стэнли Мёрвин гээд дэлхийн яруу найргийн түүчээ болсон олон яруу найрагч энэ оронд амьдарч байна. Тэр бүхний дундаас өнөөдөр хамгийн алдартай нь хэн бэ гэвэл, яруу найргийн мэргэжилтнүүд нэгэн дуугаар “Билли Коллинз” гэж хариулцгаах болов уу.

                Тэр алдартан өнөөдөр далан насны давааг давчихлаа. Супер яруу найрагчид ч өвгөрцгөөж байна даа, хөөрхий. 71 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Уильям Жэймс Коллинз 2001-2003 оны туршид АНУ-ын шагналтан бөгөөд яруу найргийн зөвлөх байжээ. Түүний сонгож гаргасан “Шилдэг 180 шүлэг” хэмээх антолог АНУ-ын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт багтдаг. Үүний дараа гаргасан “Байнгад уншваас зохилтой 180 өвөрмөц шүлэг” хэмээх нэн шинэлэг сэтгэлгээний антолог нь постмодерн яруу найргийн үнэт өв болж байна.

                Мэргэжлийн яруу найргийн академиуд, томоохон сэтгүүлүүд, нэр хүндтэй яруу найрагчдын дунд явуулсан санал асуулгадаа тулгуурлан “Нью-Йорк Таймс” сонин түүнийг өнөө цагийн хамгийн алдартай яруу найрагч хэмээн зарласан бөгөөд, яруу найргийн гурван номоороо л сая доллар цуглуулж чадсан түүнтэй эн зэрэгцэх амжилт одоогоор дэлхийн яруу найрагт гараагүй байна.

                Гэхдээ Монголд түүний ном гарлаа гэхэд хүмүүс ойшоохгүй л дээ. Уг нь бид өнөөдрийн яруу найргийн сэтгэлгээ хаахна явааг зах зухаас нь ч болохноо мэдэрч байвал зүгээр л юм сан. Түрүү жил би АНУ-ын яруу найрагч Кристофер Мерриллийн “Татлага, түрлэг” хэмээх номыг орчуулж хэвлүүлсэн. Хүн авахгүй л байна билээ. Юутай ч, Билли Коллинзын маш алдартай хоёр шүлгийг чадан ядан орчуулснаа толилуулъя. Ганц нэг хүн уншаасай даа.

                                                                                                2012.3.21. “Өдрийн сонин”

МӨРГӨЛИЙН ДУУЛАЛ

 

                Чи бол талх, бас хутга,

                Хундага, бас дарс...

                                Жак Крикийон

 

Хэдий чи жимсний бутанд шургах салхи биш ч,

Хэдий чи ширээн дээрх чавга биш ч,

Хэдий чи хөзөр наадах байшин биш ч,

Хэдий чи шилмүүс анхилсан агаар биш нь гарцаагүй ч,

Шилмүүс анхилсан агаар мэт сэнгэнэх арга чамд үгүй ч,

Чи бол талх, бас хутга,

Хундага, бас дарс.

Чи бол өвсөн дээрх өглөөн шүүдэр,

Нарны дүрэлзэгч титэм.

 

Чи бол талхчны цагаан хормогч,

Бас дэрхийн нисэх намгийн шувуухай.

Чи бол гүүрний ёроолд хоргодсон загас,

Бүр хөшөөний тэргүүн дээр суусан тагтаа ч юм уу.

Гэлээ ч замын тоос дарсан эрдэнэшишийн талбайтай

Чамайг зүйрлэж адилтгахын арга үгүй ээ.

Толь руу зэрвэсхэн харах зуур минь

Нүдний буланд өртөх түрийтэй гутал ч,

Зогсоолд аргамжсан завь ч чамайг санагдуулахгүй ээ.

 

Биеэ дээвэрт унах бороон дусалтай зүйрлэвэл,

Төсөөлөл минь чамд зугаатай санагдах уу?

Би бас харван унах од,

Хашаанд шидсэн өглөөний сонин,

Хоолны ширээн дээрх самартай сагс ч байж болно.

 

Би бас моддын мөчирт шургасан сар,

Сохор эмэгтэйн цайны аяга ч байж мэднэ.

Гэвч бүү эргэлз, яавч би талх, бас хутга биш ээ.

 

Харин чи л талх, хутга хэвээрээ.

Ямагт талхаараа, ямагт хутгаараа,

Жингэнэгч болор хундага,

Жинхэнэ дарс чигээрээ л үлдэх вий.

 

 

ЭХНИЙ ШӨНӨ

 

                Үхсэний дараах эхний шөнө л хамгийн эвгүй байж таарах вий

                                                Хуан Рамон Химэнэс

 

Өөрийн тань шүлгийг уншихаасаа өмнө, Химэнэс,

Өдөр шөнө гэдэг ердөө л ар араасаа

Үхлийн тойрогт хөөцөлдөн байдаг гэж төсөөлсөн ч үгүй ээ.

Тэр ертөнцөд ч бас наран саран гэрэлтэн буй гэдгийг,

Үхэгсэд ч бас мандах шингэхийг нь шимтэцгээн

Үзэхээр цуглардаг гэхэд чинь үнэхээр гайхширлаа.

Тайтгарсан сүнснүүд тэгээд ганц ганцаараа

Тавлагхан нойрсохоор явцгаадагийг олж мэдлээ.

Эхний шөнө гэх нь харин зөв үү?

Эсвэл бид нэр оноож чадахааргүй түнэр харанхуйд,

Эцэсгүй цорын ганц урт шөнө л эхэлж буй нь тэр үү?

Аяа, үхэлтэй нүүр тулахын цагт

Аргагүй үг барагдаж, үзэг хүндэрдэг ажээ.

Үхэл гээч нь хэл эвлэхээ болих,

Үргэлжид найдаж явсан хүлэг минь

Нүд эрээлжлэм ангалын ирмэг дээр цамнах,

Бүхний эхэнд оршин байсан тэр Үг,

Бурхан шившиж биесийг маань амилуулсан тэр л үг –

Бусад бүх үг амьсгал хураах тийм л орон ажээ.

 

Сүлжмэл тортой тагтан дээрээ би яг одоо

Шүлгийг тань уншин зогсохдоо, үхлийн дараа

Сүүмийн гэрэлтэх нарыг хэрхэн дүрслэх сэн билээ?

Тэрэнтэй тэрэнгүй л би хээр хоносон сарыг,

Тэг дугуйрах уснаа тусах нарны туяаг ажиглахдаа л,

Өтгөн шугуйд зүрх алдаж,

Өчүүхэн навчис руу дөхөн шагайгаад

Сарнайн ишийг сэргийлэн манасан

Саргар өргөсийг олж үзэхийн төдийхнөө л жийрхдэг шүү дээ.

Шинэ ном

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.