Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
АЛШАА НУТГИЙН НАЙРАГЧИЙН 2 НОМЫН ТУХАЙД

1.БУЯНБАТЫН ШҮЛГИЙН НОМЫГ НЭЭХҮЙ

 

                Алшаа нутгийн яруу найрагч Буянбатын шинэхэн номыг сөхлөө. Эхний шүлгээс нь эхлээд л тиймхэн нэг эмзэглэл, гуниг, ухаарал, гашуун шүүрс алдалт мэдрэгдэж, хамаг л зүрх сэтгэл доргичихов.

 

                Адууд хуйлран, ингэс гунгиналдан, утаатай цацар дэрвэлзээд

                Аргил шаргал бууц минь зэ

                Аяс шаагилдан, хундага өргөлцөн, уянгын гийчид найгалдаад

                Алшаа тансаг найр минь зэ...

 

                Найгалдан хөлхөлдсөн тэр л уянгын гийчид найрынхаа дугараан дунд ч нулимстай суугааг энэ номоос олж үзэж болно. Гэхдээ зүгээр нэг ойрын энэлэн, эрт өмнийг санагалзсан зуурдын шаналан биш, харин жинхэнэ торгон мэдрэмжтэй яруу найраг сүлэлдэж шингэсэн энэлэл шаналал хуудас бүрт нь гүн нэвчжээ. Бас хэлц, илэрхийллийнх нь урныг!

 

                …Хүн чулууны өврөөс

                                далавчиндаа бичигтэй шувуу нисээд одохыг харлаа

                Хүйтэн хөх уруулаас нь хэн ч мэдэхгүй үг торхийн унахыг сонслоо

                Хүчин төгөлдөр түүхийн мянга мянган шарга адуу

                Хөмхий зуусан он жилийн гадуур тэнгэр гишгэлэн өнгөрлөө…

 

                Ингэж хэлэх гэж! Өвөрмонголын өнөө цагийн яруу найргийг би Дулаан, Буянхишиг хоёроорбаримжаалж явсан бол, Буянбат хэмээх найрагчтай бүтээл туурвилаар нь ийнхүү шадарлан танилцав. Олзуурхан баярламаар шадууд нүдний өмнүүр хөвөрнө.

                Миний хайрладаг, сэтгэлийнхээ гүнд халаглан эгээрч явдаг тэр л Өвөрмонгол! “…Гартаа Мао даргын “Улаан ном”-ыг барьсан толгойгүй хүн чулуу дутуу шатсан мод зайдлаад хажуугаар дэвхрээд дэвхрээд өнгөрөх шиг...” тийм нэгэн хий үзэгдэл Буянбатын шүлгүүдээс өндийн босч, “Өнгөрч одсон ирээдүй”-н тухай өчиж байна:

 

                Гол нь нүд аньжээ

                                Гэвч урсгал нь ханхлаадл

                Голио нь алга болжээ

                                Гэвч дуугарах нь сонсогдоод л

                Модод нь үндэс тасарчээ

                                Гэвч сүүдэр нь сэрүү татаад л

                Морьд нь байхгүй болжээ

                                Гэвч туурай нь тачигнаад л

                Зээр нь дэргээд оджээ

                                Гэвч шагай нь цовхчоод л

                Эзэд нь яваад өгчээ

                                Гэвч мөр нь гэрэлтээдл...

 

                Булгарсан моддын сүүдрээс сэрүү татах, хаа ч байхгүй морьдын хий туурайн төвөргөөн л тачигнах энэ барьцгүй мэдрэмж бол сэтгэл доторхи Өвөрмонголын маань гэрэлт мөр. Бид тэднийгээ мартчих гээд л байна шүү! Тиймээс ч Буянбат:

 

                Биднийг хэн ч анзаардаггүй, Бид түүнд гансарч ганцаарддаггүй

                Биднийг хэн ч таньдаггүй, Бид түүнд нь гомдож гутардаггүй

                Биднийг хэн ч өмөөрдөггүй, Бид түүнийг нь юман чинээ санадаггүй

                Биднийг хэн ч дурсдаггүй, Бид түүнд нь ерөөсөө шаналж мэддэггүй...

 

хэмээн бичихэд хүрсэн нь лав. Бусдын орон зайд хаягдсан тэд минь хэнээсээ ч хаягдсан юм бэ хэмээн эргэцүүлэхүйд тэд бидний өмнөөс хэн болохыг маань бодож тунгаагаад ч байх шиг.

 

                ...Цэцэг ёолоход тэнгэр нь урагддаг талаас

                Хуучин домог шинээр сэрлээ

                                Би мөн үү?!

                Чимээгүй ирж яваа цаг хугацаанаас

                Нэг хүн босоод гүйлээ

                                Би мөн үү?!

 

“Жилийн дараа ч ирж мэдэх шувуудын зүүд”- Өвөрмонгол, “зээрийн шилбэнээс буусан нутгийн үнэр”- Өвөрмонгол бидэн рүү ийм нэгэн найрагчийн шүлгүүдийг өртөөлөөд айсуй. Тэр найрагч хаа нэг тийш цонхоор харангаа:

 

                ...Сүүлчийн навч тасарч байна

                Хэзээ дахиж модондоо ирэх бол, би мэдэхгүй юм

                ...Сүүлчийн од харваж байна

                Хэзээ эргэж тэнгэртээ гэрэлтэх бол, би мэдэхгүй юмаа

 

гэж амандаа шивнэж зогсоно.Санаашрал нь энд хүртэл дуулдана. Ай, ахан дүүсийн минь яруу найраг сайхан байна аа. Сэтгэл дэнсрүүлсэн энэ номыг нээх завшаан таарсанд олзуурхаад ханахгүй нь ээ. Одоо ахиад нэг уншъя даа.

 

                                                                                                                2014.7.4.

 

 

2.МОНГОЛ ХАЯГИЙГ ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

 

                Шүлэг бичиж, бичиг номд цагааширсан хүний хэл яруу, сэтгэлгээ уудам болдог. Буянбатынхаа дурсамж, тэмдэглэл, эсээ, найрууллуудыг уншихаар эхэлж суугаад, босч өндийлгүй яг дөрвөн цаг суужээ. Буянбатынхаа дотоод амьдралаар ийнхүү дөрвөн цаг амьдарчээ.

                Энэхүү номын зохиогч багадаа элдвийг шулганахад ээж нь “Битгий зоосгүй юм яриад бай!” гэдэг байж л дээ. “Зоосгүй үг” гэдэг нь өвөрлөгч аялгаар дэмий гэсэн утгыг илтгэнэ. Нөгөөтээ бас мөнгөний ашиг хонжоон авчрахааргүй гэсэн хоржоонтой утга ч бий бололтой. Харин Буянбат маань нас ухаан тэгшрээд тэр л “зоосгүй” үгсээрээ үүрд амьдрах хувьтайгаа ухарчээ. Завшаан бодоогүй, зүгээр л сэтгэлээс нь ундарч буй тэдгээр “зоосгүй” үгсийн үнэ цэн цаглашгүй эрхэм болохыг таньсан нь “Багадаа дээр нь ишиг шиг тонгочин байж өсгөсөн үхэр хаднууд маань мөнгөнд дөрлүүлээд хот уруу цувж, ямбатан ноён аятай барилгын доор хэдэн хэсэг болон дүнсийж байхыг олж харснаас” тэр.

                Монгол хүний нүнжиг, монгол мөс чанар гэж бид ярих дуртай. Буянбатын маань эл ном чухамхүү тэр л сэдвийг элсэн цөлийн гүнд тэмцэж ургах тэсвэр хаттай сиймгэр бутны үндэс шиг гүн шунгаж хайснаараа уншууртай чухаг бүтээл болжээ. Танин мэдэхүйн цар хүрээтэй өгүүллээр эхэлсэн энэ ном гүншрэх тусмаа орчин цагийн хүний жудаг чанарыг тэмтчиж, алхам бүртээ санаа авч, үйлдэл алхмаа сэргэмжлүүштэй үгсийг нүдний өмнүүр урсгах аж.

                “Тэр хэн бэ?”, “Нэрийн хуудас”, “Би хэмээх өвчин”, “Монгол атаархал” өгүүллүүдийг та заавал тогтож уншаарай. Амьдарч яваа энэ л цаг үеийнхээ ханиад халдварыг тусч, тэр нь бүр ужгирч гүйцсэн бидэнд чухам сануулга болох нийтлэлүүд байна шүү.

                Өвөрлөгч зохиолчид маань манай дунд үеийнхэн шиг уламжлалт ахуйдаа өсч торнисон учраас, бичлэгээс нь жинхэнэ монгол чөмөг амтагдах юм. “Газрын тамга” хэмээх өгүүлэл ийн эхэлдэг:

 

                “Тэр жил би нутагтаа харьж билээ. Тэрэг унаа өдрийн од шиг тааралддаг говийн элсэн мухарт манай хэдэн айл нутагладаг болохоор гахай явган, нохой нүцгэн гүйх л хэрэг болжээ. Хотоос авсан ээж болон дүү нараа мэхлэх жаахан юм хум, айлаас савласан хар цай энэ тэрээ үүрээд нарны залуугаар нутаг орохоор яаран алхлаа. Саальчин ээжийн тостой хормой шиг намилзсан говь нутгийн минь алс манханууд ботгон бор зэрэглээнд сэнжирч гогцоорон хөөцөлдөнхөн тоглож намайг угтлаа. Тэнгэрийн ганц тэргэл улаан мэнгэ голлож, тэмээтийн шаргал өндөрлөг галаар цухалдан цонож эхлэв. Би ч хуучин өвөлжөөнийхөө бууцан дээр хүрч ирлээ. Манайхан зуслан руугаа нүүцгээсэн болохоор айл амьтан байхгүй. Монгол гэрийн минь буурь тэр л хэвээрээ сарны хүрээ шиг тов тодхон харагдана. Монгол гэрийн энэ ормыг нутгийн буурлууд маань газрын тамга гэдэг. Газрын тамга. Тийм ээ, газрын тамга гэж ёстой л мөн дөө. Би газрын тамганыхаа баруун захад алсын хүндэт зочин шиг завилан, цайгаа болгож, тамхиа татаж товхийж суулаа. Голомтын нурам нь сая л галаа маначихаад нүүгээд явсан юм шиг бүлээхэн байна. Голомтын зүүн талд нэг хонины шагай морь хэлбэртэй, умард зүг хандаж  азаа үгүйлэн үүрсэж зогсоно. Уул нь улаан гоёоны шүүсээр өнгөлсөн шагай байж л дээ. Одоо хөхрөх үүр шаргал болчихжээ. Малын шагай нутаг дээрээ “морь” бууж, гучин жил азаа дуудаж, гурван зуун бээрийн газар соностом янцгаан янцгаан хүлээдэг юм гэдэг. Тэгээд айлын нутаг дээрхи морь буусан шагайг заавал авдаг ёстой...”

 

                Цааш нь та өөрөө уншина биз. Миний “Шүгдэн” хэмээх роман гарсны дараа нэгэн уншигч “Ээ, өвөрмонголчууд чинь яг л бидэн шиг жинхэнэ монгол хүмүүс юм байна шүү дээ!” хэмээн гайхан дуу алдаж байхыг би өөрийн чихээр сонссон сон. Монгол үндэстэн ингэж л бие биенээсээ холдон, цөнгийн мөс шиг салан урсацгааж байна. Харин Буянбатын энэ ном салан алсрах тэдгээр бяцхан цөнгүүдийг буцааж наахгүй юм аа гэхэд нэгэн биеэс бутарсныг нь олж харахад бага ч атугай нэмэр болох буй за.

                Үүх түүх, Өвөр Ар гэдэг эмзэг хөндүүр сэдэв л дээ. “Долоон алхмын цаанаас хэлсэн үг үл сонстмуй, долоон үеийн цаанаас хэлсэн үг сонстмуй” гэх мэргэн үг бий. Энэ номыг уншсаны ачаар Юань гүрний сүүлчийн азгүй хаан Тогоонтөмөр цаг хийх мэргэжилтэй байсныг,  монгол хааны үйлдсэн бугуйн цаг хэдэн үеийн дараа тоногдсон булшнаас цохилоотойгоо олдож байсныг, энэ мэт олон зүйлийг олж мэдэв.

                Юань нэрмэгдснээс хойш дахин нэгдсэн зургаан түмэн Монголын тав нь хилийн цаана бий. Даян хааны тэдгээр монголчуудын ердөө нэг нь болох Халх түмэн гурван сая шахаж байхад, бусад таван түмний үр хойчис өдгөө тэр дайны л тоотой үлджээ. “Эр хүн цавчилдахын төлөө төрдөг” хэмээлцдэг уриа их хөршийн маань гарыг харан суугаа Цахар, Түмэд, Ордост л хоцорч, монголчуудад өнөөдөр оюун билгээ л хурцлахаас өөр зам үлдсэнгүй.

                Дундад Улс үсрэнгүй хөгжиж, өвөрлөгчдийн амьдрал илт дээшилж байгаа нь сайхан. Хөгжлийн энэ зам олон зүйл дагуулсаан. Буянбат нутгийнхаа Алшаа яамнаас Тамсаг ордог замын тухай эсээндээ:

 

...Ирсээн ирсэн, их юм ирсэн. Энэ замаар их говийн нандин бүхэн явж одсон. Эргэж ирсэнгүй. Эрт урьдын цагт дайн дажны өмнөөс хийморийн сангаа тавьж, дуугаа дуулаад мордсон тэнгэрийн зүүд шиг сайхан хөвүүн эргэж ирсэнгүй. Ар Өвөр Монголын бөхийн наадмыг гийгүүлж, Манжийн мундаг бөхийг манант дэлхийг доргитол савсан далай даян аварга бөх Шалбин эргэж ирсэнгүй ээ. Гэрийнхээ тооноор тушаатай тэмээгээ хардаг миний эмээгийн ганц ах аянд яваад эргэж ирсэнгүй. Миний өвөг эцэг хуучин яамны тамгын бичээч агсан нутгийн сор болсон уран дархан Амгалан нарын тэр үед цөөхөн тохиолддог төрийн хар хүн ч эргэж ирсэнгүй. Ойрын хугацаанаас эхлээд хот хотоор туугдсан тэмээ, тэрэг тэргээр тээгдсэн хонь ямаа, эсвэл улаан цагаан гоёо, үзмэрийн сонин чулуу, малын ашиг шим, Шугуйн голын давс эргэж ирсэнгүй. Хот суурин руу ажил албаны эрхээр эсвэл ахуй амьдрал, арга бусын эрхээр явж одсон хольцоогүй цэвэрхэн охид хөвгүүд ч эргэж ирсэнгүй...

 

хэмээсэн нь гүн утгатай. Хөөрхий, миний монгол үндэстэн ийм л хувьтай, ингэж л бичигдэх хаягтай байж. “Хөөрхий” гэдэг өрөвч атлаа хүрэл төмрөөс хатуу үг гэдэг ээ...

 

                                                                                                                2014.7.13.

 

 

 

 

 

 

Шинэ ном

“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.

http://news.gogo.mn/r/75276

Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.

http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film