Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
БИЛГЭЭ АХЫГАА ДУРСАХУЙ

 

                2001 онд “Адмон” хэвлэлийн компани “Эрэлхийллийн уран зохиол” хэмээх уралдаан зарлав. Тэргүүн байр гурван сая, аман хүзүү нь хоёр сая төгрөгийн шагналтай. Гурван сая нь тухайн үеийнхээ ханшаар 3000 орчим доллар гэсэн үг. 1000 ширхэг ном зарагдахад олдог ашиг тэр хавьцаа байсан санагдана. Гэтэл номоо зарах гэж гүйхгүй, хэвлэлийн газарт даатгачихаад, шуудхан л борлуулалтынхаа ашгийг нэг дор бэлнээр авчихна гэхээр том шагнал байлгүй яахав. Тэр үед хүүрнэл зохиол эхлэн оролдож байсан би “Дурлалгүй ертөнцийн блюз”-ээ мөнөөх уралдаанд өгсөн бөгөөд залуу байсныг ч хэлэх үү, амьхандаа горьдоод л. Гэвч найдлага тавьсан ном минь шалгарч чадаагүй. Батбаяр гуайн “Мементог бүтээхүй”, Баабар нарын “Зугаатай танин мэдэхүй” номууд өнгөлсөн юм. Харин уралдаан зохион байгуулагсад “Дурлалгүй ертөнцийн блюз”-ийг эхний 10-т багтсан тул 100 мянган төгрөгөөр байлаад түгээн сурталчилж өгье гэлээ. Горьдмор аядсандаа шаралхаад номоо “Адмон”-д өгсөнгүй, өөрөө хэвлэхээр шийдсэн сэн. Уран зохиолын номд өмнөх үг хэрэгтэй. Ингээд таньж мэдэх судлаачдаа дотроо сэм бүртгэв ээ.

                Үүний өмнөхөн 2000 онд утга зохиол судлалаар цол хамгаалчих санаатай МУИС-ын докторантурт орж нэг семестер явсан юм л даа. Тэр ахархан хугацаанд профессор С.Дулам Монгол бэлгэдэл зүй, профессор Д.Цэдэв Эх бичгийн шинжлэл, профессор Ч.Билигсайхан Уран зохиолын онол заахыг сонссон. Уртаашаа гуравхан л хичээлд хагас жил суугаад докторантурыг бүрмөсөн орхисон ч, сайхь гурван багшийг ихэд хүндэтгэх болсон билээ. Ингээд Билигсайхан докторыг зорьлоо.

                Хөөрхий би даруулгагүй, мунхаг жаал ч байж. Гаргах гэж буй номынхоо талаар дөвийлгөсхийн учирлаж, уран зохиолд юу хийхээр зорьж буй тухайдаа өөрийгөө тойруу замаар магтасхийж баахан бурчихаад л гар бичмэлээ орхиод гарсан юм даг. Долоо хоногийн дараа утасдвал, “Аа, үзлээ. Нэг юм бичих нь ч бичсэн шүү, ирээд ав ав” гэж байна. Хямсгардуухан сарвайсан тэр үгэн дотроо “Цасны роман”, “Хэвтрийн хүн” зэрэг нь энэ хэлбэрийн зохиолуудынхаа дэлхийн түвшинд хүрчээ!” хэмээн дүгнэсэн байж билээ. Залуу зохиолчийн эв дүйгүй, ойлгомж муутайхан бичигдсэн номыг тийн магтах нь социализмын дэг журам дунд үзэл бодол нь төлөвшиж тогтсон, шүүмж судлалд өөрийн гэсэн тодорхой хүрээлэлтэй, тэр л хүрээндээ дээгүүр зиндаа эзэлсэн хүнд эрсдэлтэй алхам байсныг би тэр үед мэдээгүй. Хожим сонсох нь ээ, миний номонд ийм сүрхий үг бичиж өгсөнд найз нөхдийнх нь зүгээс ч, төрийн ба хувийн зарим их сургуулиудын багш нэр зүүгсдээс ч  элдэв үг хаясан тохиолдол бишгүй гарсан гэдэг. Зорин сууж номонд минь үг бичсэнд ач санаж явдгаа хэлэх завшаан энэ удаа “Ухаарахуй” номынх нь шинэ хэвлэл дээр тохиож буйд бэлгэшээн баярланам. Билгээ ах бол миний л хувьд хүүрнэл зохиолд биеэ сорихоор шулуудах тэр л эгзэгтэй үед оролдлого зүтгэлийг минь тоож маш томоор дуугарсан, анхны шүүмжлэгч байсан юм.

                Бүх зүйл учир тавилантайг өдгөө би насны эрхээр олж харав. Үргэлжилсэн үгд хөл тавихдаа тэр хүний дулаан сэтгэлээр дэм хийх эртний ерөөл байж л дээ. Билгээ ахын шившсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” ном надад урам төдийгүй цаашид роман бичих зориг сэдэл өгсөн. Шулуун шударга зантай, үнэн голч үгтэй тэр эрхэм ах минь өдгөө сэрүүн тунгалаг сан бол, арав гаруй жилийн өмнө гаргасан “Ухаарахуй”-гаа чамгүй зузаатгаж, улам ч нягталж чамбайруулаад хэвлүүлэх байсан нь лавтай. Нас явахын хэрээр шинийг хайхаас төвөгшөөн, нэмж боловсрохоо огоорчихдог хүмүүсээс Билгээ ах тэс ондоо, үргэлж л уншиж, эргэцүүлж, ухаарч, түүнээ бусадтай хуваалцахыг зорьж явдаг нэгэн байсан чух. 

                Хүнд өвчтэй байхад нь сүүлчийн удаа нүүр учирснаа би хэзээ ч мартахгүй. Эхнэр бид хоёрыг ирсэн тухай Пүрвээ эгч дуулгахад өчнөөн хоног ухаангүй байсан Билгээ ах гэнэт толгой дохиод, шуунаас минь сулхан атгаж билээ. Хариу үйлдэл л үзүүлэхгүйгээс биш, бүхнийг мэдэрч сонсож ойлгосоор л байж. Тэгээд хүүрнэл зохиолын анхны түүвэрт минь үеийнхэнтэйгээ тэрсэлдэн байж сүрхий томдсон үг бичиж өгсөн шигээ, тэр удаад ч гэсэн өвчнөө тэрсэж ер бусын их хүч гарган гарыг минь атгасныг ухаарахад, сэтгэл жигтэйхэн уярч өмрөх шиг болсон сон. “Биднийг ирлээ гэж мэдэж байна шүү дээ!” хэмээн амьхандаа баяссан маань өдгөө тодоос тод санагдана. Гунигтай хэдий ч, бас л нэгэн ухаарахуйд хөтөлсөн уулзалт. Чингээд... нөгөөдөр нь Билгээ ах тэнгэрт заларсан билээ.

 

                                                                                                                            2014.8.16.

Шинэ ном

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.

  "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.

Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.