Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ХЭДЭН НОМ АХИЖ УНШИХ ЮМ САН

Хоёр дахиа уншилтгүй ном олон л доо. Гэхдээ дурсахад л жаргалтай учрал шиг сэтгэлд баяр төрж, ахиад уншмаар санагдаад явчихдаг ном цөөнгүй шүү. Тийм л номууд уг нь жинхэнээсээ үнэ цэнтэй байдаг. За, цэцэрхэл ч яамай. Нээрэн, зориуд цаг гаргаж тухлаад хэдэн ном ахиж унших юм сан.

 

1. Юрий Олешаг ахиж унших юмсан. Багадаа “Гурван бүдүүн”-ийг, залуудаа “Атаархал”-ыг биширч уншсанаа ахин амтлах юм сан. “Гурван бүдүүн” дээр гардаг тэр хот их сонин шүү. Доктор Гаспарын зохион бүтээсэн аргаар хиймэл нар хийчихсэн тул шөнө огт болдоггүй, бас тэнгэр нь авираад гарчихаж болдог хүнхэр линзэрхүү ч бил үү? Ер нь Олеша гоё зохиолч доо. Оюутан цагтаа “Ни дня без строчки”-гоос нь салж чаддаггүй байж билээ. Сургуулиас нэг жил завсардаад буцаж орсныхоо дараа би доод курсын орчуулгын группынхэнтэй хамт Нина Илиоровна хэмээх багшийн орос хэлний хичээлд суудаг болсон бөгөөд Олешагийн тухай ярихад минь тэр багш “Гимназид сурч байх үеийнх нь дурсамж маш гутранги, зовлонтой санагдсан тул би цааш уншиж түвдээгүй юм” хэмээж билээ. Хүмүүст тийм ч их таалагддаггүй юм байлгүй. Надад бол үнэхээр л гойд нөлөөлсөн номуудын нэг дээ. Ер нь намайг зохиолч болоход хамгийн их зориг, түлхэц өгсөн гурван орос ном бий, нэг нь энэ “Ни дня...”. Хоёр дахь нь Василий Розановын бүрэн түүвэр. Гурав дахь нь Георгий Адамовичийн “Комментарии”.

 

2. Сэлинжерийн “Есөн өгүүллэг”-ийг. Тэр хэл найруулга, ажигч гярхай гэж юүхэв! Кино үзэж байгаа юм шиг санагдчихдаг. Одоо ахиад уншвал тийм хэвээрээ болов уу? Хамгийн сүүлд би “Bananafish”-ийг нь орчуулсан шүү дээ, нээрэн. Сайхан амралт шиг л байсан даа. Түүн шиг хүчтэй зохиолчид бидний энэ ертөнц, уншигчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хүн сүрэг хэтэрхий өрөвдөлтэй, бас яршигтай санагдсан нь аргагүй ч биз. Сэлинжер гэнэтхэн л бусадтай уулзахаа, бичсэн зүйлсээ хэвлүүлэхээ больчихсоны учрыг олох гэж уран зохиолын хорхойтнууд одоо хэр чармайдаг. Миний таамгаар бол, тэр муу зохиол хэвлүүлж шившгээ тарихааргүй ухаантан байсантай л энэ бүхэн холбоотой болов уу. Сонирхолтой нь, саяхан, ердөө 4-хөн жилийн өмнө нас барах хүртлээ тэр өдөр бүр юм бичсээр л байжээ. Юу бичиж байсан бол? Даанч тэдгээр нь хэзээ ч хэвлэгдэхгүй биз дээ. Бараг л тиймэрхүү гэрээслэл үлдээсэн юм шиг байна лээ. 1965-2010 гэхээр чинь 45 жил таг чимээгүй бүгж ээ дээ? Гайхамшиг! Нью-Хэмпшир дэх тэр гайхамшигт ичээнийх нь үүрийг нэгэн өдөр олж очоод, хонхыг нь дарж үзнэ дээ гэж мөрөөддөг байж билээ. Уулзана гэж найдалтгүй л дээ, зүгээр л хонхдож үзнэ гэдэг өөрөө чухал зүйл. Хонх нь гэхдээ дуугардаг ч үгүй байж мэднэ. Юутай ч, цагийг нь олоод зогсож чадна гэдэг маш ховор тохиолдох суу билгийн шинж. Артюр Рэмбо 20 хүртлээ шүлэг бичээд л сураг тасарсан. Өөр ийм тохиолдол байдаг юм уу, үгүй юу, бүү мэд. Маш олон дэмий зүйл зогсоо зайгүй хэвлүүлдэг зохиолчдыг нэг лаг юм гаргачихаад л ор сураггүй алга болсон хэн нэгэнтэй харьцуулахад ёстой өрөвдөлтэй харагддаг шүү.

 

3. “Дөлгөөн Дон”-ыг ахиад унших юм сан. Гэрийнхээ номын тавиур дотроос монгол орчуулгынх нь тэр хос зузаан ботийг харах бүрт айдаст автах шиг хачин мэдрэмж амтагддаг. Үнэхээр ч аймаар роман даа. Социализмын үеийн хамгийн соцреалист биш туурвил. Ямар ч үзэл суртал байхгүй, цэвэр, үнэн уран зохиол. Зөвлөлтийн мунхрал ид гаарахын өмнөхөн үед ирээд л романы үйл явдал дуусдаг учраас, Шолоховт гэм зэм тохоогдоогүй байх аа. Түүнээс биш аюултай бичлэг шүү. Григорий Мелехов иргэний дайнаас буцаж ирээд гэрийнхээ үүдэнд хүүгээ тэврээд зогсож байдаг тэр төгсгөл бол аймаар. Гэр нь нурж сүйрчихсэн... Үзэл санааны дайсагнал дундаас золоор амьд гараад эцсийн эцэст ямар ч үзэл санаа давамгайлж дийлэхгүй төрөлх зөн совин, эртний ерөөл, үйлийн үр, нөгөө л үр удам руугаа буцаж ирэх... Бусад нь цөмөөрөө худлаа... Улаантан, цагаантан хоёрын дунд гуйвж дайвсаар, яг л цаагуураа сэтгэл зүрх нь эхнэр, нууц амраг хоёрынхоо дунд гуйвж дайвсан шигээ, хэний зөв болохыг ч олж мэдэлгүй төөрөлдөж гүйцээд эцэст нь хоосорч сүйдсэн гэрийнхээ барааг харж байна. Хүүгээс нь өөр хэн ч түүнд алга. Ийм аймаар супер зохиол гэж байх уу?

 

4. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч” дотор Августины тухай бичих санаатай анх уншсан “Наманчлал”. Ай даа, ахиж заавал уншмаар ном доо, аргагүй л. Зарим ном эхний өгүүлбэрийг нь гүйлгээд хармагц л ховсдоод өөртөө сорчихдог. “Бурханы тухай, бүтээлүүдийнх нь нэг болох Хүн бахдан ярьж байна. Бүтээл нь Бүтээгчээ...” гэсэн утгатай үгс бол яг л тийм шидэт эхлэл дээ. Хар тивд төрсөн, залуу насаа нэлээд чөлөөтэй өнгөрөөсөн энэ санваартан өрнө дахины нэг том будда байсан. “Наманчлал” дотор тэмтрэгдээгүй санаа гэж үгүй. Нийтийн хүрээний аахар шаахар зугаа цэнгэл, эд мөнгө дагасан таашаалын эцсийн үр дүн ердөө л залхалт, гутрал, цөхрөл, амьдралыг үзэн ядах үзэл байдгийг эндээс уншиж болно. Ийм гутрал үхлийн өмнө дагжин чичрэх айдастай холилдохоороо яана гээч? Гэгээн Августин хэмээх эртний тэр аугаа сэтгэлзүйчид ер нь хөндөлгүй орхисон сэдэв гэж байна уу? Бүр Күнзийнх шиг үг ч энэ номд тааралдана: “Би өөрийгөө олоогүй атлаа хэрхэн Таныг олох сон билээ дээ?” Яг л “Амьдрал гэж юу болохыг бид мэддэггүй юм чинь, үхлийг яахин таних билээ?” гэж буй мэт сонсогдож байгаа биз? Бурханыг эгээ л зэнгийн лам нар шиг, Бурхан чигээр нь л харсан ийм сэтгэгч баруунд хэр олон бол? Юутай ч, католик ертөнцийн оройн чимэг болсон энэ номыг зах зухаас нь харсныхаа ачаар л би буддист үзэлтэй болсон. Энэ бодолдоо ч эргэлздэггүй. “Наманчлал”-ын ихэнх үгс бүдгэрч мартагджээ. “Монтэнийг байнга эргэн уншиж байх ёстой” гэдэг шиг оргүй мартагдчих гээд байгаа тэдгээр үгсийг заавал ахин сэргээх хэрэгтэй юм байна.

 

5. “Эрэлхэг цэрэг Швейк”-ийг ахиж уншъя гэж хичнээн ч удаан бодож явна даа? Аль 2007 онд л Цинцинаттийн нисэх буудал дээр Хью Фэррэр халаасны форматаар хэвлэсэн Швейк барьчихсан суухыг хараад “Ахиж уншъя, байз” хэмээн бодож билээ. Хью намайг мөнөөх номыг хүүхэд байхдаа уншсан, архичин чех зохиолчийн гүндүүгүй сайхан баатартай бүр эх хэлээрээ танилцсан гэхэд минь нэг л итгэхгүй байх шиг санагдсан. 2009 онд, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачлагаар “Дэлхийн уран зохиолын 50 боть” хэмээх төсөлд хариуцлагатай редактороор оролцож байхдаа уг нь эргэж уншсан л даа. Гэхдээ тэгж, алдаа мадаг харж биш, өөртөө л ахиж унших юм сан. Аугаа бүтээл шүү. 50 боть гэснээс, яг тэр ботиудын ажил явж байх үед Төрийн шагналтай, залуу зохиолчид хосгүй хүн хэмээн шүтэн дагадаг, манайдаа л овоо уншсанд тооцогддог нэгэн ахмад зохиолч “Энэ 50 ботио та нар хүүхдэд зориулсан гэж тодотгож байгаа юу? Бүр Швейк мвейк ч орчихсон явах шиг, хүүхдийн л юм харагдана лээ” хэмээн цагаан сараар золгохоор очсон надад томорч билээ. Дараа нь мань өвгөн уран зохиол туурвих жор байдаг бололтой санаа бүхий нэг ном бичсэнийг уншаад ер нь зам нийлэхгүй хүн гэдгийг таньсан тул ахиж очиж золгохоо больсон. Швейк шиг бүтээлийг хүүхдийн үлгэрт тооцдог зохиолчийг би юундаа ч хүндлэх билээ? Дайны тухай романд дайн байлдаанаас бусад бүхий л хүний ертөнц тэр чигээрээ тольдогдож байвал, тэнд ямар ч “Эх орны төлөө!”, хүнлэг ёс зүй, “Зовох цагт нөхрийн чанар танигдана...”, Бурхан тэнгэрт даатгасан сохор аз гэх мэтийн тунхаг номлол байхгүй, тэгсэн мөртлөө л дайн гээч ямар утгагүй мунхаг зүйл болохыг ой тойнд шингэтэл хэлж байвал түүнийг ямар түвшний зохиол гэх вэ? Тэр арын албаныхны дүнхүү байдал, дайны үеийн хүнд суртал, за тэгээд герман янхнуудын яриа хөөрөө... Өгүүлэгч нь Фолкнэрийн “Шуугиан, цухалдаан”-ы Бэнжи шиг, Достоевскийн нэг супер романаа нэрлэсэн үгэнд тэнцэх “ИДИОТ” байвал тэгээд ямар ном болно гээч? Хосгүй! Нийтлэлч Баабар “Швейк” шиг агуу роман, Хашек шиг агуу зохиолч байхгүй гэж хаа нэгтээ бичсэн ч харагдлуу? Санал нийлнэ ээ...

Шинэ ном

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.

Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.