Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

2014 оны 3-р сарын 15-ны "ӨДРИЙН СОНИН"

Л.Батцэнгэлтэй хөөрөлдсөн нь

 

-Тантай өнгөрөгч намар “Бясалгал” номыг чинь хэвлэгдсэний дараа ярилцаж байсан. Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна?

            -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ? (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.

-“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Торгууд ястны дунд аль хэр удаан байв.

            -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийг яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номон дотор минь бараглаад орсон доо. Ер нь Монгол улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.

-Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичив үү?

            -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.

-Уран бүтээлч хүний сэтгэлийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөрчилтэй байдгийг та зохиолдоо гаргав уу?

            -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм бэ, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.

-Хомерын туульсын Одиссей баатрын хатан Пенелопе тохиолдлоор таны романы баатар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?

            -Туульсын сэтгэлгээний онцлогийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарын эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маягийн хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз? Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.

-Торгуудын сүүлчийн жангарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу?  

            -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жангарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.

-Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьдралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?

            -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. 60 шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ? Гэтэл яаж хайлаад байна? Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.

            -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?

            -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод...

-Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?

            -Би өөрийнхөө фэйсбүк хуудсанд Рэнцэнрааг орос багш нь урлагийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би 3-р курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удирдагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би Мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу?” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу? Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ: “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү? За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу?” гээд тулгалаа шүү. Би  ч “Яалаа гэж дээ? Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ?” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц! Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай!” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-94 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.

            -Та багшийнхаа гэр рүү утасдсан уу?

            -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Ворошиловтой л архи уудаг хүршгүй том амьтан амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ? Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр Мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү!” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.

-Таны романд домгийн шинжтэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу? 

            -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээн аядлаа.

-Зохиолын баатар туульч Намаржаан гуай тууль хайлахдаа хөгжмийн зэмсэг биш эвдэрхий товшуур цохиод байгаагаар дүрсэлсэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?

            -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ? Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.

-Зураач гурван уулын зургийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?

            -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.

-“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?

            -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.

Шинэ ном

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.