Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс "Хотын үлгэрүүд" хэмээх шинэ номоо хэвлүүлэв. Урьд нь хүүрнэл зохиолын төрлөөр "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Үзэхийн хязгаар" номууд гаргасан нь уншигчдын дунд ихээхэн эрэлт үүсгэсэн яруу найрагч энэ удаад тууж, өгүүллэгүүдээсээ толилуулж буй юм.
330 гаруй хуудастай, чамгүй зузаан энэ номон дахь "Өлсөхүй", "Хоёрхон алдаа" зэрэг бэсрэг тууж, "Хулгайч", "Эрэгтэй, Эмэгтэй", "Зөн", "Тэр хэнбэ?" зэрэг чамбай бичигдсэн, өвөрмөц сэтгэлгээ бүхий өгүүллэгүүдээс Та орчин цагийн Монголын утга зохиол дахь давтагдашгүй, онцлогтой бүтээлүүдийг таашаан уншиж, хүүрнэл зохиолын нэгээхэн өнгө аястай танилцах болно.
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.