IWP-д дотносож нөхөрлөсөн сири зохиолч Халед маань сэтгэл шимшрэм захиа ирүүлжээ. Түүний эх оронд өдгөө иргэний дайн дэгдэж, иргэний дайн ч гэж дээ, яг үнэндээ бол үзэл бодлынхоо төлөө тэмцэгсдийг харгисаар залхаан цээрлүүлэх аллага болж байна.
Халед бол арабын эртний халифуудын удамтай, Дамаск хотноо ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн дундад зууны үеийн шилтгээнд суудаг хүн. Баян хүн биш л дээ, удам дамжин өвлөгдөж ирсэн хөрөнгө нь. Маш сайхан сэтгэлтэй, хамаа намаагүй зантай, халамцахаараа Махмуд Дарвишийн шүлгүүдээс уншаад уйлдаг энэ андын маань нэг роман ноднин Францад хэвлэгдээд, тэр үед Солонгост байсан би миний “Цасны роман”-ыг англи руу орчуулалцсан Матттайгаа хамт мессенжэрээр онлайн тэмдэглэж, тэд 56 градусын сири араки ууж, би хямдхан макколи дэлгэцтэйгээ тулгасан сан. Өнгөрсөн намар би түүнд захидал бичиж “Сири яагаад байгаа юм бэ? Чиний болон найз нөхдийн чинь амьдрал зүгээр үү?” гэж асуухад мань фэйсбуук дээрээ миний захиаг хуулж тавиад доор нь “Баярлалаа, Аюур аа. Миний эх оронд одоо шинэ үе ирж байна. Манай ард түмэн шинэ сонголтоо хийх гэж байна. Яг л Египет шиг” хэмээн их л өөдрөг хариулт бичиж байсан юм. Гэвч өнөөдөр байдал хамгийн муу тал руугаа эргэжээ.
Зохиолч хүнд зохиолчдоос нь илүү ойр дотно нөхөд байдаггүй. Халед маань зохиолчдод хандахаас өөр яах ч билээ? Намайг тэр орос зохиолчидтой ойр дотно гэж боддог тул, захидлыг нь хувилаад оросууд руу явуулж өгөөч гэсэн байна. Одоо би энэ хавсралтыг хэдэн буриад анд руугаа, бас Виктор Пелевин, Людмила Улицкая хоёр руу явуулах гэж байна. Тус болох эсэхийг мэдэхгүй. Хөөрхий, колоничлогдож гүйцсэн миний муу хэдэн буриад найзад Оросын үзэл санаанд нөлөөлөх чадал ч гэж юу байх вэ. Пелевин эрхбиш Оросын №1 зохиолчид тооцогдож яваа хүн ядахнаа сонинд нэг юм бичих байгаа?
http://arablit.wordpress.com/2012/02/08/open-letter-from-syrian-author-khaled-khalifa/
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.