Уг нь эл шүлгийг романаас тусдаа бичсэн бөгөөд "Сэра хийдийн дурсамж" гэж нэрлээд байсан юм. Харин "Шүгдэн"-г бичиж байх үед мөнөөх романы хойхнуур, Лхасын Сэра хийдэд гол баатар маань очиж, ховсдуулсан мэт сэтгэгдэлд автдаг хэсгийг нэг бүрчлэн дүрсэлж тоочиход хэцүү байсан тул, шууд л бэлэн шүлгээ авч оруулсан. Энэ нь ч олон дэмий зүйл бичихээс намайг аварсан билээ.
Г.А.
***
Улайдсан зоосыг жингэнэтэл дэлдэх шиг
Уулын зүрхэнд нар туслаа.
Уншлага зогслоо.
Унзад дамар цохилоо.
Уншлага завсарлах, дамар дуугарах энүүхэн чөлөөнд
Уртаас урт цаг хугацаа шүүрс алдлаа.
Сүмийн хананаас эртний бурхдын харц
Сүүмгэр хүжийн утааг дарангуйлаад
Тув тунгалаг болов.
Хүн ингэж цоо ширтвэл далдирмаар даа?
Бурхадын нүд ер бус, тогтуухан төөнөнө.
Зэргэлдээх мөргөлчин амьсгалаа түгжив.
Зүрх нэг чанга цохилсноо нам жим болоод
Сэтгэл өөр ертөнцөд нэвчиж одов.
Ай!
Дахиад уншлага эхлэхэд л
Ахиад амьдрах сэхээ олов.
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.