Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Уран зохиол ойлгодог хүмүүс амьдралыг тэнүүн хардаг, шуналгүй, бусдад атаархдаггүй, үхлээс айдаггүй

 “Алтан гадас” сэтгүүлд 2006 онд доорхи яриаг өгчээ. Эргээд уншихад зүгээр ч яриа болсон юм шиг.

 

    -Яруу найраг, утга зохиолын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл нь юу вэ? Тэр дундаа сэтгэлгээний яруу найргийн үүрэг, ач тус юу вэ?

    -Маш эрт, бараг 2000-аад жилийн өмнө томьёологдсон, уран зохиолын нэг зарчим байдаг. Тэр нь юу вэ гэвэл, хүн гэгч чухамдаа хэн болохыг илчлэн харуулах. Уран зохиолыг ойлгож таньснаар хүн эцсийн эцэст амьдралыг таних ёстой юм. Амьдрал гэдэг бол их өргөн ойлголт. Энэ ойлголтын дотор үхэл ч багтана. Жинхэнэ уран зохиол философиос ангид байдаггүй. Тиймээс ч уран зохиол ойлгодог хүмүүс амьдралыг тэнүүн, өргөн утгаар нь хардаг, шуналгүй, бусдад атаархдаггүй, үхлээс айдаггүй байх гэх мэт сайн чанаруудыг олж чаддаг. Бид аман яруу найрагтай одоо болтол зууралдаастай байгаа болоод л сэтгэлгээний яруу найраг гэж онцлоод байгаа хэрэг шүү дээ. Уг нь яруу найраг гэдэг ерөөсөө л сэтгэлгээний урлаг юм.

    -Ер нь хүн яруу найраг, утга зохиолын бүтээлүүдийг уншихгүйгээр, сонсохгүйгээр яваад байж болох уу? Энэ асуултыг яруу найраг уншдаг хүн нь уншдаггүй хүнээсээ юугаараа ялгаатай байх бол гэж асуувал илүү тохиромжтой ч юм уу?
    -Мэдээж, болно л доо. Их олон хүний амьдралд уран зохиол, яруу найргийн орон зай ерөөсөө байдаггүй шүү дээ. Яг л маш олон хүн хэзээ ч баяждаггүй шиг. Баян байх нь ядуу байхаас дээр гэдгийг цөм мэддэг. Харин уран зохиол уншдаг байх нь уншдаггүй байхаас дээр гэдгийг мэдэхгүй л яваад байдаг байхгүй юу. Тэгээд “хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж манай ардын үгэнд хэлдэгчлэн, уран зохиол, яруу найраг шал дэмий зүйл гэж ярих нь холгүй байдаг. Жинхэнэ төөрөгдлийн сонгодог жишээ.

    -Монголын утга зохиолын өнөөгийн хүрсэн түвшин дэлхийнхтэй харьцуулахад хаахна нь явна гэж та дүгнэдэг вэ? Хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу? Ер нь үүнд юугаар хэмжүүр хийдэг вэ?
    -Дэлхийн түвшин гэж мэргэжлийн утга зохиол судлалд хүлээн зөвшөөрөгдөж өргөмжлөгдсөн зохиолчдын зиндааг хэлж байгаа бол, манай уран зохиол бараадах ч үгүй л дээ. Ядахнаа тэр түвшний уран зохиол гэж юу юм бэ, хэн хэн гэдэг тэргүүн зэргийн зохиолчид байдаг юм бэ гэдгийг манай зохиолчид өөрсдөө ч сайн мэддэггүй. Нэрийг нь ч мэдэхгүй тэр зохиолчидтойгоо хөл нийлүүлэх тухай одоохондоо бол саналтгүй юм. Гэхдээ манайхны дундаж зохиолчдоос ч доогуур юм бичдэг зохиолч энэ ертөнцийн хаа сайгүй л байгаа. Энэ утгаараа учиргүй хол хаягдчихлаа, одоо гүйцэхээсээ өнгөрлөө гээд байх юм үгүй л дээ. Ер нь уран зохиолд нэг сайн тал бий. Жинхэнэ сайн зохиолыг олж уншаад түүнээс суралцаж, тэр түвшнээс давсан ч зохиол биччих боломж хэзээд нээлттэй байдаг.

    -1990-ээд оны үед Монголын яруу найраг, утга зохиол шинэ түвшинд гарсан, нэг шат ахисан гэх мэтээр яригддаг. Хамгийн сүүлийн ахиц дэвшил хэзээ, яаж гарсан бэ? Эсвэл дараагийн ахиц дэвшил гарах үе ирсэн үү?
    -1990-ээд оноос хойшхи манай уран зохиол үнэхээр өмнөх аль ч үеэсээ илүү сонирхолтой, эрэл хайгуултай, хөдөлгөөнтэй, амьд л даа. Сая Өлзий бид хоёрын гаргасан “Монголын сонгомол яруу найраг” антологоос л 1990-ээд оноос хойш бичигдсэн шүлгүүд сэтгэлгээний илэрхий шинэ түвшинд бичигдсэн нь харагдана. Одоо манай утга зохиол ид хөгждөг дээрээ, шинэ шинэ эрэл хайгуулынхаа замд явж байна. Олж хардаг хүнд бол харагдахуйц ахиц дэвшлүүд гарч байгаа.

    -Таны эрхлэн гаргадаг ШИНЭ ҮЕИЙН НОМЫН САН цуврал одоогоор хэдэн номтой болоод байна вэ? Хамгийн сүүлд ямар нь хэвлэгдэн гарсан бэ?
    -Энэ цувралаар одоогоор 10 боть, хамгийн сүүлд Монтэнийн эсээнүүд, “Утга зохиолын тухай яриа” гарсан. Явцын дунд зарим ботио шинэчлэн хэвлүүлж байгаа.

    -Мөн энэ цувралаас гадуур ямар бүтээлүүдийг гаргаж байна вэ? Эдгээрээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ? Ер нь та энэ их номыг бичих, орчуулах ажлыг эрхэлж, үүгээрээ нийгэмд юуг бий болгохыг зорьж байна вэ?
    -Цувралаас гадна нэлээд хэдэн шүлгийн ном гаргасан. “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр” гээд романууд хэвлүүлсэн. Уран зохиолд аль болохуйц дээгүүр түвшний л юм хийх сэн, нийгэмд гэхээсээ илүү хувь хүний ухамсарт бага ч атугай нэмэр болох юм сан, жинхэнэ зохиолчдын хийж бүтээсэнд жаахан ч болов дөхөх юм сан л гэж бодож байна.

    -Энэ зорилгодоо хүрэх зам чинь хэр зэрэг хол санагдаж байна?
    -Хол гэж бүү цөх, явбаас хүрюү гэж Чингис хааны үг бий шүү дээ.

    -“Номоор амьдардаг” хуруу дарам цөөн хүний нэг нь яах аргагүй та гэдэг. Хэцүү юу? Бичихээс нь эхлээд борлуулах, түгээх, тооцоо хийх гээд л маш их ажил гардаг байх. Өөрөө амжуулж байна уу, хүн тусалдаг уу?

    -Өөрөө. Ер нь хүн бүх ачаагаа өөрөө л үүрэх нь зөв болов уу гэж би боддог.

    -Нэг ном хэвлэж гаргаад хийж бүтээсэн ажлаа олсон үр дүнтэйгээ харьцуулахад ямар санагддаг вэ?
    -Зохиолч хүнд ном нь хэвлэгдэхээс илүү таашаал байхгүй шүү дээ. Зарим номоосоо нэг ч төгрөгийн ашиг олдоггүй. Гэхдээ л би өөрийгөө зөв амьдарч байна гэж боддог.

    -Баабар нэгэнтээ “Онигоо хүртэл зориулагдсан зиндаатай байдаг” гэж байсан. Таны бүтээлүүд нийгмийн аль хэсэгт зориулагддаг вэ?
    -Шар сониноор оюуны хэрэгцээгээ хангачихдаг хүмүүст бол миний ном хэрэггүй биз дээ. Үнэтэй ч санагдах байх. Миний “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” гэдэг номыг худалдаж авах мөнгөөр 30 сонин авна шүү дээ. Ямар ч үлдэцгүй, хүүхдийнхээ дэргэд гаргаж уншихын аргагүй 30 сонин цуглуулснаас нэг сайн ном гэртээ байлгах нь дээр гэж үздэг хүн манайд олширч л байна.

    -Та манай өнөөгийн нийгмийн сэтгэлгээний түвшинг ер нь ямар байна гэж үнэлэх вэ? Шар сонинуудын тоо, улиралд тэдний авдаг захиалгын хэмжээ, борлуулалт зэрэгтэй харьцуулахаар “Алтангадас” сэтгүүлийн борлуулалт, захиалгын хэмжээ надад лав маш доогуур байгаа шиг санагддаг юм. Хэдийд гайгүй түвшинд хүрэх бол? Та юу гэж бодож байна?
    -Чанартай сайн бараанаас чанар муутай, хямдхан нь илүү борлогддог шүү дээ. Угаасаа хүний хэрэглээний сэтгэхүй тийм л байдаг. Юм болгон өөр өөрийн ангилал, зиндаатай. Тэр зиндаагаа хаа хаанаа барьж л байх хэрэгтэй болов уу. Олон уншигчтай болох гээд шарлах уу, цөөн боловч буурьтай уншигчтай байх уу гэдэг та нарын л асуудал. Эцсийн эцэст хүнд хэрэгтэй юм хийх нь л чухал.

    -Гүн ухааны, бас сонгодог бүтээлүүдийг өөрөө сорчилж түүгээд орчуулах, хүнд ойлгомжтой болгож бичих хэцүү юу? Танаас хамгийн их хөдөлмөр, цаг хугацаа шаардсан нь аль ном нь вэ?
    -Дуртай ажил минь болохоор хэцүү, хүнд санагддаггүй ээ. Хар номуудын хувьд гэвэл “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”-ийг бичихэд бусдаас нь илүү олныг сөхөж, харсан болов уу.

    -Баабар бас “Манай сэтгүүлч, орчуулагч, зохиолч, яруу найрагчид хэн ч өгөөгүй байхад нийгмийг соён гэгээрүүлэх үүргийг өөртөө авчихдаг юм” гэж бичсэн байдаг. Энэ талаар таны бодол?
    -“Нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлье” гэж бодсондоо л бичдэг, орчуулдаг хүн байдаг юм уу даа? Тийм итгэл үнэмшлээр л ямар нэгэн зүйл бичиж болно гэх юм бол, Баабар ах ч бас өөртөө тиймэрхүү үүрэг авчихсан л явж байгаа биз дээ? Мань эр танин мэдэхүйн чиглэлийн цөөнгүй ном бичлээ, улс төр, эдийн засгийн чиглэлийн нэлээд ном орчууллаа. Хэн нэгэн хүнээс энэ үүргийг заавал албан ёсоор хүлээн авах албагүй, угаасаа байлдааны даалгавар шиг тэгж үүрэг хүлээлцдэг процесс оюун санааны ертөнцөд байдаггүй. Хүнд өгөөжтэй юм бичиж туурвина гэдэг тодорхой утгаараа бусдын сэтгэлд гэгээ тусгах тэмүүлэл болоод хувирчихдаг.

    -Нэг талаас бодоход энэ их шар хэвлэл, хүнд ямар ч өгөөжгүй, хэрэгцээгүй сонинууд нийгмийн ухамсрыг бас хөдөлгөхгүй барьчихаад байгаа ч юм шиг санагдах юм. Нийгмийн ухамсар нь хөгжиж байж арай гэгээлэг ном, хэвлэлд орон зай нээгдэх юм болов уу, эсвэл ийм ном, хэвлэл нь өөрөө нийгмийнхээ ухамсрыг өргөж, шар хэвлэлийг түрэх юм болов уу. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
    -Хүний мөн чанар өөрчлөгдөөгүй цагт шар хэвлэл түрэгдэж алга болохгүй л дээ. Хар масс хэзээ ч цөөнх болохгүй. Тэгэхээр нийгмийн ухамсар эцсийн дээд хэмжээндээ хүрч хөгжлөө ч, ном уншдаг хүмүүсийн нийгэмд эзлэх хувийн жин нэмэгдэхгүй л болов уу. Нэг жишээ хэлэхэд, Канадад саяхан хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 7 хувь нь л ном уншдаг гэсэн дүн гарчээ. Гэтэл одоогоос 20 жилийн өмнө канадчуудын 14 хувь нь ном уншдаг байсан гэнэ. Канад бол манайхтай ижил байгалийн нөхцөлтэй, амьдралын төвшнөөр манайхаас хэд дахин илүү орон. Тэнд ном уншдаг хүмүүсийн тоо улам буурч байна. Баян болсноороо хүн эрдэм номд шамддаггүй юм байна л даа. Гэхдээ ном уншдаг хүн цөөрлөө гээд уран зохиолоос нүүр буруулчих юм бол, тэнд сайн сайхан зүйлийн тухай яриа өрнөх үү дээ? Ном зарагдахгүй болчихвол юм бичихээ больчих бичгийн хүмүүс манайд маш олон бий шүү дээ. “Ашиг харж ажил хийнэ гэдэг огт хийхгүй байхаас дор ёс суртахуунгүй хэрэг” гэж Күнз хэлсэн байдаг. Үүнийг ултай ойлгож ухамсарламаар байгаа юм.

 

Шинэ ном

Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.

        Уул хичнээн цэнхэртэнэ,

        Төчнөөн хол.

        Хэдийчинээ гэрэлтэнэ,

        Төдийчинээ хүйтэн

хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.