Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ХАА НЭГТЭЭ БУЙ ЭМЭЭДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ

                 I.

 

                Модод гөлөглөчихжээ. Цоо шинэхэн, гэрэлтсэн ногоон өнгөтэй нахианууд хачин уярам сэтгэгдэл төрүүлэхэд, яагаад ч юм бэ, гэнэтхэн эмээ минь бодогдов. Хорвоогоос буцчихсан эмээ, энэ нахиануудын хооронд ямар нэгэн, үл үзэгдэх холбоос байж л таарлаа. Тэгээгүй бол юунд ингэж, гэв гэнэтхэн бодогдох билээ?

                Сэргэсэн моддын анхилуун үнэртэй гудамжаар гэр рүүгээ алхаж явахад, мөдхөн дэвтэрт минь бичигдэх “ХАА НЭГТЭЭ БУЙ ЭМЭЭДЭЭ” гэсэн үгс нүдэнд харагдсаар. Ирээдүйг аль эрт бүтээчихжээ.      

               Эмээ минь 1996 оны эхээр хорт хавдраар нас барсан юм. Тэр үед монгол тооллоор наян нас хүрч байв. Хэн нэгэн хүн ор мөргүй алга болчихдог гэдэгт, тэр тусмаа эмээд минь тийм хувь оногдсон гэдэгт би итгэхийг хүсдэггүй.

                -Уг нь манайханд нарийнтдаг удам байгаагүй л юм сан гэж эмээ ихэд хачирхаж байв. Нэг л өдөр балгасан хярам хоолойг нь давахгүй болсонтой ер эвлэрч чадахгүй байж билээ.

                Гэвч угаас бусдын аяыг харж, бусдын үгээр явж сурсан хүн тул “Одоо яах вэ?” гэсэн харцаар ийш тийшээ болгоомжлонгуй ширтэж суусан сан. Ер нь миний эмээ насан туршаа нэг ч шийдвэр толгой мэдэн гаргаж үзээгүй болов уу.

 

                Эмээгийн ээж Сайн ноён хан аймгийн хошуу засаг Пүрэв жонон гүний аягач явсан юм билээ. Аягач гэдэг нь зарц л гэсэн үг дээ. Хожим Ардын хувьсгалын дараа ноёдын эрх ямбыг эвдэхэд, Пүрэв гүн өөрөө аргал түүх гэж оролдоод савардсан аргал бүхнээ үүрсэн арагнаасаа өнгөрүүлэн шидчихээд ер чадахгүй тул, хээр гарч уйлчихаад харьдаг байсан гэлцдэг. Хоосон арагтай буцаж ирэхэд хоргой хүрэмний нь ханцуй нэвтэрчихсэн байхыг хэн нэгэн харсан юм байлгүй. Эмээгийн минь ээж ноёныд буцаж очин хэдэн сар аргалыг нь түүж өгч байжээ.

                Хошууныхаа сүүлчийн ноёныг эмээ олонтаа харсан байдаг. Хатан нь гээд туранхай хөх хүүхэн цагаан хав хөтөлж явдаг байжээ. Улиастайгаас аваачсан тэр хатныг нь нутгийн ардууд “Хятадын янхан” гэж сэм ярилцдаг байсан аж. Пүрэв гүн ятга маш сайхан тоглодог байжээ. Хожим нь нэрээ сольчихсон, Өмнөговь аймгийн соёлын ордонд ятгачин явах үед нутгийн нь нэг хүн тааралдсан гэдэг. Эмээгийн л яриа л даа.

                Эмээгийн гарал тодорхой биш. Бутач хүн байсны дээр ээжийнх нь гадаад төрх тэр нутагтаа л этгээд содон. Ээж нь цэв цэнхэр нүдтэй, цагаан шаргал үстэй хүн байсан гэдэг. Уулын энгэрт хонь хариулж явахад, нарны гэрэлд толгой нь гялбалзан холоос үзэгддэг байж. Тэр хошуунд очсон явуулын хүн:

                -Өндөржаргалантын бэлд толгойноос нь нүд гялбам гэрэл цацарсан хүн бөөн цагаан хонины захад явах юм хэмээн сонирхуулан ярьтал, нутгийнхан:

                -Аа, ноёны аягач Мөндөн авгайг л хэлж байна гэжээ. Хөх нуурын араар хөшилдөх их уулын энгэрээс гэрэл гялсхийж, хэн нэгэн тэнд дуулж явааг олж харах шиг, дууг нь сонсох шиг сэтгэгдэл үе үехэн намайг эзэмддэг нь Бурхнааас илгээсэн эмээгийн минь дурсгал биз ээ.

                Эмээ ч шар үстэй, цэнхэрдүү ногоон нүдтэй хүн байсан. Ээж минь багадаа гөлөглөсөн жингэр үзэж ирчихээд:

                -Дөрвөн гөлөг байна. Хоёр нь хар, хоёр нь ээжийн толгой шиг зүстэй юм гэж ярьсан гэдэг. 1940-өөд оны сүүлчээр Гурванбулагт очсон газрын зургийн оросуудад эмээг “Энэ сэсээр хүн” гэж хэрэг болгон зааж өгөхөд, цаадуул нь “Нүд нь л сэсээр байна. Өөр сэсээр шинж алга” гэсэн тухай нутаг нугаар тархсан яриа бий.

                -Ногоон нүд сайн. Цасанд саргадаггүй, эгцлээд харахад наранд гялбадаггүй гэж эмээ хэлдэг сэн. Цэнхэр, ногоон нүдтэй хүн зөндөөн л байдаг. Гэвч тэдний хэн нь ч нар руу эгц ширтэж чаддаг гэж сонсоогүй л юм байна. Тэгэхээр эмээгийн нүд арай л өөр маягийн нүд байжээ.

                Би багадаа хүн хөгшрөхөд нүд нь цэнхэр ногоон болдог л гэж боддог байв. Тэр бодолдоо баттай итгэснийх ч юм уу, эмээгийн үеийн хөгшдийн нүдний өнгийг ер анзаарч байсангүй.

 

                Эмээ ухаалаг, зөн билиг сайтай хүн байсан юм. Хааяа нэг урьдын азгүй явдлыг дурсаж суухдаа:

                -...Дэмий л юм даа... гэж би дотроо бодоод л өнгөрсөн. Манай талийгч надаас ямар асуух биш, асуусан ч би “Тэг, ингэ” гэж хэлэхгүй л дээ. Уг нь миний бодсоноор шийдсэн бол зөвдөх байсан юм гэхчлэн ярьдаг сан.

                Хичнээн зөв бодсон ч хэлдэггүй байж. Хөөрхий муу эмээгийн минь эрх мэдэл ч гэж юу байх вэ. Хэлээд ч ойшоох хүн байгаагүй нь лав. Ер нь монголчууд эмэгтэй хүний үгийг тэр бүр үг гэж үздэггүй хойно доо.

                Эмээгийн төрсөн дүү гэрлээд, говьд очиж нэлээд хэдэн жил амьдарчээ. Тэднийх хүүхэдтэй болсонгүй. Нэг удаа нутагтаа ирэхэд нь өвөө отгон хүүгээ садангийндаа үрчлүүлчихсэн байж л дээ. Эмээ дүүдээ:

                -Чи ганц сарын өмнө ирэхгүй дээ. Би хүүгээ чамд өгье гэж бодож байсан юм. Миний хүүг авсан хүн ч жаргана даа. Чиний л амны хишиг дутлаа гэж сэм аминчлан өгүүлсэн тухай тэр дүү нь хуучилдаг.

                Дотроо бол өөрийнхөө дүүд л өгөх санаатай байж. Гэвч юм хэлчихвэл буруудчих вий гэж эмээн, дуугүй л ийш тийшээ харж суусан байх даа. Бага хүүгээ дөчин долоон настайдаа төрүүлсэн юм билээ. Тавь хол гарчихсан өвөө минь хэнз балчир амьтан өнчин үлдээхгүй гэсэндээ айлд өргүүлсэн болов уу. Юутай ч, тээж төрүүлсэн үрийнх нь тухайд эмээгээс л лав санаа бодлыг нь асуугаагүй юм билээ.

 

                Хүлцэнгүй номхон нь дэндүү ч, эмээ минь аливааг их дэвшилттэй хардаг байжээ. Бүхий л насаа үнээ малын дэлэн шувтарч, хонь дагаж өнгөрөөсөн хүн гэхэд хөдөөний амьдралыг магтаж сүйд болохгүй.

                -Бид яг л мал шиг явж дээ. Ус бэлчээрээс цааш юу ч мэддэггүй. Одоо залуу сан бол, бичиг үсэг л сурах юм сан… гэдэг сэн.

                Эмээ уншиж чаддаггүй байсан юм. Аймгийн төвд орж ирснийхээ дараа радио их сонсдог болжээ. Намайг мэдээ орох үед дуучдыг хоолойгоор нь андахгүй таньдаг, тэр үеийн улсуудын удирдагчдын нэрс, за тэгээд, аль нь социалист, аль нь хөрөнгөтөн орон болохыг ялгаж мэддэг байлаа. Надад:

                -Хөөрхий муу Вьетнам чинь их зовсон улс аа. Тэр жил Америк бөмбөг хаяад бүх гахайг нь хядчихсан. Уг нь их сайхан цагаан зандан ургадаг байсан юм гэнэ лээ. Ахиж бөмбөгдөөд цагаан зандангүй болгочихсон... гэхчлэн тайлбарладаг сан.

                Өвөөг нас барсны дараа хэдэн малаа хамаатан садан айлуудаараа тараачихаад төв бараадсан юм билээ. Эмээ дэлгүүрт орж ер үзээгүй байж. Нэг удаа ээжээс:

                -Чи надад арван төгрөг өгөөч. Би дэлгүүрт орж үзье хэмээн гуйжээ. Сум, багийн агент хоршоо руу өвөө л явдаг байсан биз.

                Эмээ дэлгүүрээс “Ийм хөөрхөн хүүхдийн зурагтай юм авчихлаа” гэсээр буцан ирж. Тэр нь хүүхдийн будаа байж л дээ. Ээж сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ түүнийг нь шигшээд цай сүлчихсэнд эмээ “Өө, би ч хэрэгтэй юм авсан байна шүү” гээд тун урамтай суусан гэдэг.

 

                Эмээ хэвтэрт орон ортлоо ээжид зарагдсан. Бие ч сайтай, гавшгай гялалзуур хүн байлаа. Ная шахсан хойноо ширсэн ширдэг нь манайд бий. Миний мэдээ орохоос л, өдрийн хэд явж нагац ахын, манай хоёр гэрийн усыг Түйн голоос үүрдэг сэн. Гэр доторхи бүх л ажил эмээд өмчлөөстэй. Тэр үед би “Эмээг минь зарцалж байна” гээд дотроо их дургүйцдэг байлаа. Гэтэл одоо ээж минь яг л эмээгийн оронд манай гэрийн хамаг ажилд эцэж цуцталаа зүтгэж, эрх хүүхдүүдийн минь аашийг олох гэж ядарч явна. Ээжийнхээ ажлыг хөнгөвчлөх зав надад бага. Ээлжээ ирэхэд би ч хүүхдүүддээ зарцлагдах л байх. Ээ хөөрхий, хүн гээч амьтан ингэхэд ер нь хэзээ өөрийнхөө амьдралаар амьдарч, хэдийд нь өөрөө өөртөө жинхэнээсээ харьяалагддаг юм бол оо?

                Багадаа би тун эрх байсан юм. Айлын хүүхдүүд самар цөмж буйг хараад самар иднэ гэж зүтгэлээ. Би өөрөө цөмж чадахгүй, эмээд шүд байхгүй. Тэгээд эмээ цайны нүдүүр дээр жижигхэн самар тавьж байгаад алхаар болгоомжтой тоншив. Хичнээн ч хичээгээд нэмэр болсонгүй, бүх самрыг няц няц цохичихож билээ.

                Ер нь ядуухан айлын эрх хүүхдүүдийг би сайн ойлгодог. Миний бага нас өөрийн эрхгүй санаанд буудаг болоод тэр. Намайг үзэм идье гэхэд ээж минь дэлгүүрээс еэвэн авчирч, эмээ мөнөөх цайны нүдүүр дээрээ тавин алхаар хагачин үзмийг нь түүж өгдөг сөн. Үзэм ч ховор үе байж ээ дээ. Өнөө хэр би аз жаргалын амтыг бага зэрэг шанзанд бүрхэгдсэн үзэмний амтаар төсөөлдөг юм.

 

                Эмээ их олон үлгэр мэддэг байсан мөртлөө, яагаад ч юм бэ, надад ерөөсөө ярьж өгч байгаагүй. Үлгэрийг би сургуульд орсон хойноо номоос л уншсан. Уншиж сурсан хойноо “Гучин хоёр модон хүн”-ий үлгэрээс сонирхуулан ярьж өгөхөд эмээ харин бүгдийг нь мэддэг байж таарсан шүү. Бүр Сүгрийв, Байлы хоёр мичний тухай ч мэдэж байсан юм даг. Сулхарнайн нэрийг ч хаа нэгтээгээс сонссон л байдаг. Тэгсэн мөртлөө надад бараг үлгэр яриагүй. Ярьсан үлгэр нь Муур багш, Гахай толгойт хаан, Арслан үхэр хоёр, Молон тойн мойнхон төдий. Арав хүрэх болов уу, үгүй юу. Нэг ийм үлгэр байдаг юм. Уваа сохрын домог гээч. Анхандаа амьд хүмүүсийн ертөнцөд дуу хуур гэж огт байсангүй. Уваа сохор биеэсээ гарч үхэгсдийн орноор явж, нөгөө ертөнцөөр хэсүүчилсээр дуу дуулахыг, тууль хайлахыг сонсч л дээ. Тэгээд буцан иртэл хээр орхисон биеийнх нь хоёр нүдийг хэрээ ухчихсан байж. Ингээд сохорсон биедээ эргэн орж, туульс хэлж, шүлэг зохиож явах болсноор хүн зон шүлэг найрагтай, дуу хууртай болсон гэнэ. Эмээгээс би:

                -Дува сохор биш үү? гэж асууж билээ.

                -Хэн мэдэх вэ? Уваа сохор л гэлцдэг юм. Тэр Дуваа сохор нь ч юм уу... гэсэн сэн. Би балчирдаад, үг хөөж тэнэг юм асууж байжээ. “Хомэр биш үү?” гэж асуумаар байгаа биз?

                Өндөр хадан хясаанд цовдлуулсан хүний тухай бас нэг яриа бий. Доогуур нь гол урсч, хадаатай хөөрхий хоригдол наранд шарагдан ам нь цангаж байж. Тэгтэл аяны хүмүүс голоор гарч үзэгджээ. Цангасан эр тэдний зүг:

                -Хөөе, та нар наад уснаасаа уугаач! гэж сөөнгөтөн хашгирсан гэдэг. Өнөө хэр тэр хөөрхий хүн Прометей байсан шиг, Прометей л яг тэгж хашгирсан юм шиг надад санагддаг. Прометей яаж цангаж байсныг хүмүүс хаа ч бичээгүй байх гэж!

                Дууг бол харин зааж өгдөг байлаа. Тухайн үед ихэд дэлгэрч, хэн хүнгүй аялдаг болчихсон дууны үгийг надад зөвтгөн хэлж өгдөг хүн ганцхан эмээ л байсан юм.

                -Хайрын нандин сэтгэл хаанаас ирдэг юм бэ? гэж намайг орилж явахад томчууд зэвүүцнэ.

                -”Уулын гөрөөс шиг омголон явтал...” гэчихээд юу гэдэг юм бэ? гэж асуухад минь хэн ч надад үнэн хариулт хэлэхгүй. Ганцхан эмээ л:

                -Усгал сайхан харцтай учирлаа... гэж сэм шивнэнэ.

                “Хөглөг Хангайн бараа” гэдэг уртын дууг их сайхан дуулдаг байсан. “...уужмын тунгала-аа-аа-аг” хэмээн шуранхайлдаг хэсэг дээр хоолой нь миний огт мэдэхгүй залуухан эмэгтэйнх болон сонсогддог сон. Тийм үед миний эмээгийн дотор, толгойноос нь гэрэл цацарсан ямар нэгэн үл таних эмэгтэй нуугдаад байдаг юм шиг санагдана. Би тэгээд орос сэтгүүлээс харсан бурханы эх дагиныг төсөөлөн боддог байлаа. Даанч би тэр дууг сураагүй юм. Намайг ухаан суухын хэрээр эмээгийн хоолой аргиж, би “Дааган хар” хэмээх дууны өөр аль ч нутагт дуулдаггүй бэсрэгдүүхэн аяыг л цээжилж амжсан. Заримдаа “Дааган хар”-ыг эмээгийнхээ аялдаг барилаар аялж үзэхдээ ерөөсөө өөр нэг ч хүн энэ дууг ингэж дуулдаггүй байх гэж боддог юм:

 

                                ...Үзэм нь амттай байв чиг

                                Үмхээд идэж болдоггүй

                                Үнэнхүү амраг байв чиг

                                Үнсээд мордож болдоггүй...

 

                Энэ дуунаас ч болсон уу, нөгөө еэвэн хагалуулж үзмийг нь түүн иддэгээсээ ч болсон уу, үзмийг том том үмхлэн идэж болдоггүй л гэж боддог байж билээ, би.

 

                Өөрт ямар ч ашиггүй атал санаанаасаа зохион юуг ч бай худлаа ярихгүй л бол сэтгэл амардаггүй нас байдаг. Миний шидэт өдрүүдийн үр хөврөл дөнгөж амилж байсан яг тэр үед дэргэд эмээ байсан нь юутай завшаан! Эмээгээс би өчүүхэн ч санаа зовохгүйгээр эсэн бусын үүх түүх зохион ам хуурайгүй ярьдаг сан. Хамгийн гол нь эмээ миний ярьсан бүхэнд үнэмшиж чаддаг байжээ. Би бүр “Далан хэлний зуун уянга” хэмээх орчуулгын номоос үзсэн, чөтгөр шуламтай шүлгийг өөрөө зохиочихлоо гээд эмээд уншиж өгсөн удаатай. Тавтай л байсан байх. Эмээ “Бүр дуу болчихмоор юм” гэж магтсаны дараа би дууны үгийг өөрийнхөөрөө өөрчлөн дуулдаг болж билээ. Тэр үед зохиосон зарим дууныхаа үгийг би одоо ч санадаг.

                Эмээгийн ярианууд ер бусын зүйлсээр дүүрэн байсныг одоо л анзаарч байна. Бид нэг зун Гурванбулаг руу явлаа. Айлын гадуур гүйж явсан нарийхан, цагаан халтар нохой надад нүдний шил зүүчихсэн мэт харагдсан юм. Би цочимхой хүүхэд байж:

                -Тэр, нүдний шилтэй нохой над руу хялалзаад байна гэхэд, эмээ:

                -Зүгээр, зүгээр. Нохой зөндөөн л нүдний шил зүүдэг юм хэмээн аргадаж билээ.

                Эмээ надад хорхой нүдтэй хүмүүсийн тухай, хүнийг нэрээр нь дууддаг шувуудын тухай, хөдөөлүүлсэн хүн өндийгөөд сууж байхыг харсан тухай гээд л олон сонин юм ярьжээ. Эмээ багадаа хонь хариулж яваад нэг хохимой толгойн ястай байнга тааралддаг байж л дээ. Эр хүний, гэзэгтэй толгой байж. Зүггүйтээд толгойг өшиглөчихдөг, толгой ч уулын уруу, гэзэг нь гозолзоод, их хол өнхөрдөг байсан гэдэг. Маргааш нь ирэхэд хохимой толгой нөгөө л уулынхаа орой дээр гарчихсан байдаг, эмээ мөн л өшиглөчихдөг, ийм явдал бүтэн зунжин давтагдсан гэнэ билээ. Уг газраа буцаж очихын тулд, уул өөд өнхрөн өгсч яваа гэзэгтэй толгойг төсөөлөн бодоход надад их сонин санагддаг байв.

                Бас дээхнэ үед тэднийд буугаад мордсон хүний морийг санаандгүй хартал, аль эрт бурхан болчихсон нэгэн өвгөн тэр моринд хувилчихаад эмээ рүү толгой дохиж зогссон аж. Хазаар зууж, эмээллүүлчихсэн тэр өвгөнийг эмээ минь учиргүй өрөвдсөн гэдэг. Энэ ярианаас болоод би хажуугаар нисэх болжмор, тагтаануудаас хүн байсан байж магадгүй шинж төрх хайдаг болсон сон. Хэн нэгэнтэй адилхан шувууг олж хараагүй ээ. Гэхдээ айлын гэрүүдийг сайн ажаад байх юм бол эзэдтэйгээ төстэй байдгийг амьхандаа нээж билээ. Үүнийгээ эмээд хэлбэл,

                -Нээрэн, тооно нь янхийгаад Ядмаатай адилхан байна шүү гэж хөрш айлын зүг хараад инээсэн сэн.

 

                Намайг гуравдугаар ангид байхад юм уу даа, эмээ хотод сууж нагац ахын хүүхдийг харахаар боллоо.

                -Миний хүү эмээтэйгээ хот руу явчих. Хотын сургуульд л орчихно биз гэж байна.

                Наана цааныг эргэцүүлэн бодох ч гэж надад юу байх вэ, ердөө л, огт танихгүй хүүхдүүдтэй нэг ангид сууна гээд төсөөлөхөд нэг л эвгүй санагдсан тул,

                -Үгүй ээ, би явахгүй гэв.

                Эмээ учиргүй гомдчихсон,

                -Би юу гэж ээжээс нь салгаж авч явах вэ дээ. Зүгээр л сонжихгүй юу. Хүний хүү хүрэн бөөртэй гэж энэ. Хар нялхаасаа л надаас салдаггүй нь худлаа байж хэмээн хоолой чичрүүлэн дахин дахин ярьсан байж билээ.

                Эргээд дурсахад инээдэмтэй, аар саархан бодол ч хүний амьдралд тодорхой шийдвэр гаргуулчихдаг. Тэр тусмаа хүүхэд байхад ангийн жаалууд тун чухал санагддаг шүү дээ.

 

                Эмээ яг л Пифагор шиг, сүнс нэг биеэс нөгөөд дамжиж явдагт хатуу итгэдэг байсан юм. Талийгаач эр нөхрийнх нь сүнс хаа байгааг мэддэг, түүндээ ч эргэлздэггүй. Эмээгийнхээр бол, өвөө миний биед эргэж төрсөн гэнэ.

                Өвөө дал тавих, зоос гүйлгэхдээ сайн байж л дээ. Нэг удаа эмээ надад тавтын цагаан мөнгө есөн ширхгийг өгч, юу ч билээ мэргэлүүлэв. Би зоосны нэр ч мэдэхгүй хэрнээ мэргэлээд нэг юм хэлж орхилоо. Эмээ миний хэлсэнд сүжиглээд сүйд.

                Би хойд насанд итгэдэггүй хэрнээ хүн ор мөргүй алга болчихгүй гэдэгт итгэлтэй явдаг нь, үнэндээ, эмээгийн л нөлөө. Охиноо анх хараад эмээтэй адилхан байхад нь жигтэйхэн баярлаж билээ. Гэвч торнихын нь хэрээр эмээгийн төс сарнисан. Одоо хүү минь яг л эмээтэй адилхан дээрээ байна.

                -Би хойд насандаа заавал эрдэмтэй эр хүн болж төрнө дөө гэж ярьдаг байсан юм. Миний эмээ бол хүү минь болоод ирж чадах л хүн.

                Ийм л эмээдээ захидал бичих гэж сууна.

 

                Эмээгийн амьдралын сүүлчийн жилийг би дэргэдээс нь, тун ойрхноос харж байлаа. Эхлээд өвчнийг нь нууж байсан юм. Гэнэтхэн л хүн бүхэн өөрийг нь халамжилж, хөлийг нь барьж, амттан шимтэн авчирч өгөх болсон нь юм үзэж догьшроогүй эмээд минь анхандаа тааламжтай санагдсан болов уу. “Шоколад хүлхмээр байна”, “Каашиндаа ахиухан чихэр хийгээрэй. Улхайсан амтгүй юм чинь амнаас уначих гээд...” гэхчлэн эрхлэнэ. Бид эмээг ямар ч сэжиг аваагүй л гэж бодоцгоож байсан. Үнэндээ бол эмээ бүхнийг мэдэж, бидэнд зориулж л юу ч мэдээгүй дүр үзүүлж байсан юм билээ. Яг л миний зохиосон ид шидийн явдлуудад итгэж байсан шигээ. Нэг л өдөр эрх жаалын дүрээсээ залхсан ч юм уу,

                -Нарийн чинь тэгдэг, ингэдэг өвчин байгаа юм. Манай нутгийн тэр гуай нарийнтаад... гэхчлэн ярих нь тэр.

                Нарийнтах гэдэг турааж эцээж гүйцэж байж л сая аминд нь хүрдэг их зэвүүн өвчин. Ануухан тэнхлүүн эмээ минь харсаар байтал, хэл ам хүрсэн мэт нүднээс гарчих нь аймшигтай. Өглөө бүр өчигдрийнхтэй харьцуулшгүй, үдэш бүр өглөөний юмгүй хөнгөхөн болчихсон байна. Харин эмээд мөнөөх “хойд нас бий” гэдэг үзэл нь дэм өгсөн үү, ойртсоор байгаа төгсгөлийг нөгөө л хүлцэнгүй, хүүхдүүдийнхээ хэн нэгэнд загнуулсан мэт дуулгавартай байдлаараа хүлээсэн юм даг. Шаналгаатайгаар аньсан сулбагар зовхио нээх үед нялх ногооны суунаг шиг цэнхэртсэн нүд нь заримдаа өрөвдмөөр аймхай харагддаг, тийм үед амьдралд хоргодож байгаа нь мэдрэгддэг байв. Харин заримдаа гайхмаар хэнэггүй харцтай үзэгдэх бөгөөд бидний хэзээ ч ойлгохгүй зүйлсийг аль хэдийнээ таньж мэдсэн мэт сүрдэм сэтгэгдэл төрүүлдэг сэн.

                Гэхдээ л ямар ч хүн өрөвдмөөр байдаг шүү дээ. Биеийнх нь илч бөхөж барагдаад, хөөрхий минь өөрт нь тээртэй хөнжил хучлага доор ч бүлээцдэггүй байсан бололтой, яг амьсгал хураахынхаа өмнөхөн:

                -За, одоо ахиж ямар даарах юм биш дээ! гэж тодхон хэлж билээ.

                Энэ орчлонд голдоо ортол даарч жиндэж үзээд буцаж байгаа ч юм бил үү, үлдсэн хүмүүс яаж мэдэрч чадах вэ дээ. Хүний өнгөрүүлсэн амьдралыг төрүүлсэн үр хүүхэд нь ч хөндлөнгийн л нүдээр хардаг юм чинь. Хожмын өдөр, нялх хүүгийн минь төрсөн од гарагийг хэрэлдүүлж үзсэн лам:

                -Өмнөх төрөлдөө олон хөвгүүний хишигтэй, дарлагдаж явсан эм хүн байжээ… хэмээхэд, Хангайн цастай ууланд араг үүрээд мацаж яваа эмээ минь үзэгдэх шиг болсон сон.

                -Мөнх цастай уулын оройн тэр хайлдаггүй цасанд чинь дан өт язганаж байдаг юм шүү дээ. Би бүр савраар ярж үзсэн гэж эмээ нэгэнтээ ярьж байв.

                Холоос харахад мөнх цас хичнээн сайхан, гэтэл өт язганаж байдаг мөн хачин аа!

                Хаашаа ч хорвоо юм бэ дээ?

 

            II.

 

                Захиагаа яг эхэлтэл, гэрэл цахилгаан тасарчихлаа. Би лаа асаав. Тэгээд амьд бяцхан галд эмээгээ бодлоо.

                Салхивчны харалдаа барьсан лаа үе үе дальдчиж, заримдаа лааны өөрийнх нь сүүдэр дэвтрийг минь харанхуйлна. Дөл хийссэн зүгт лаа гоожин урсч байна. Эмээ минь шинэ лаа барихын өмнө савандаж угаадаг байж билээ.

                -Ингэвэл урсах нь удаан байдаг юм гэж тайлбарладаг сан.

                Би туршиж үзээгүй л дээ. Гэхдээ л эмээгийнхээ үгэнд итгэж байна. Тоогүй. Энэ лааг асаахаасаа өмнө тэр үгийг нь санадаг байж дээ!

                Лааны хэлтийж хазайсан талыг харамсан ажиж суутал, нэг бяцхан эрвээхэй дөлөн дундуур шуртхийн гарав. Тэгээд ширээн дээр бууж, гурван эгшин хэртэй бүжиглэснээ хөдөлгөөнгүй нам хярчихлаа. Далавч нь бүрэн бүтэн л харагдах юм. Аль нэг хөлөө хуйхалчихав уу?

                Би эрвээхэйг ширтэн, барагцаалбал гурван хором хэртэй суулаа. Тэгээд тэсэлгүй үзэгнийхээ хойд үзүүрээр түүнд хүрэв. Бяцхан удган эрвээхэй амь орох мэт цовхчин цаашилсан ч, арай л нисчихэж чадсангүй. Өдийд, мод дөнгөж гөлөглөж байхад, эрвээхэй гардаг бил үү? Ийм эрт…

                Ийм эрт…

                Гэнэтхэн надад “Эмээ эрвээхэй болчихсон явна!” гэсэн хачин бодол төрөв. Эмээ минь нас барахынхаа өмнө өвчин тусч их зовсон. Одоо миний асаасан, савандахаа мартчихсан лааны дөлөнд сүнсийг нь тээгч энэ бяцхан амьтан нэг мөчөө хуйхалчихлаа. Би эмээгийнхээ сүнсийг энэ шавьжны биеэс бушуухан чөлөөлөхийн тулд дэвтрийнхээ хавтсаар эрвээхэйг нэтгэрчихэв.

                Үг дуугүй энэ аллагын дараа ширээн дээр жаахан, бохирдуу мөр үлджээ.

 

            III.

 

                Хайрт эмээ минь!

                Таныг явснаас хойш удаа ч үгүй байтал, Хайлаастын автобусанд би нэг эмгэнийг харсан. Тэр эмгэн яг л таных шиг хүрэн даавуун тоорцогтой байв. Та хуучин дээлийнхээ өнгөөр өөрөө нэг малгай хийснээ санаж байна уу? Инээдтэй, муруй сариу оёчихсон байгаагүй юу? Тэр эмгэнийх бас муруй сариу оёдолтой байсан.

                Тэгэхэд би хариугүй уйлчихаа шахсан. Харин ахиад таныг тэгэж их, тэгтлээ их санаагүй юм байна шүү.

                Өнөөдөр цэцэрлэгийн модод гөлөглөчихөж. Тавдугаар сар дундаа орчихоод байхад, энэ зун их оройтож байна. Модны мөчир харж зогстол та гэнэт бодогдож, би ахиад л таныг маш их саналаа. Тэгээд би таныг энэ олон навчсын нэг нь болчихоо юу гэж бодлоо.

                Та намайг гуравдугаар ангид байхад Хот руу цуг явъя гэсэн шүү дээ? Би танаас илүү ээжид хайртай болохоороо үлдсэн юм биш шүү дээ. Зүгээр л, ангийнхаа хүүхдүүдэд, бас та мэднэ дээ, ангийнхаа нэг охинд хоргодсон юм. Харин та буруу ойлгосон байна лээ. Тэр охинтой хамт кино үзэж яваад олсон нэг санаагаа би өчнөөн жилийн хойно зохиол болгох гээд элдвийг бодон суух завсраа энэ захиаг бичиж байна.

                Та энэ захиаг уншиж чадахгүй ч байж магадгүй. Тэр хамаагүй ээ. Хамгийн гол нь, та хаа нэгтээ байгаа гэдгийг би мэдэж байна. Хаана байх нь хамаагүй. Байгаа нь л гол шүү дээ, тийм ээ, эмээ?

 

2001.5.17.

 

 

 

Шинэ ном

Г.Аюурзанын санаачлан гаргасан "Шинэ үеийн номын сан" цувралын анхны боть. Сонгодог гүн ухааныг өргөн олноо хялбаршуулан түгээх гэсэн, Монголын хэмжээний анхны оролдлого. 2000 онд анх хэвлэгдснээсээ хойш олонтаа шинэчлэгдэж, өнөө хэр уншигчдын дуртай ном хэвээр байна.

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.