Горькийн сургуульд очоод Е.А.Долматовскийн урланд хуваарилагдав. Таван жил тэр багшийн гарын шавь явна гэсэн үг. Эхний семинартаа очлоо. Сайхан зантай өвгөн шууд л:
-Чи Монголоос галт тэргээр ирсэн үү? гэлээ.
-Тийм гэвэл,
-Ярославский вокзалд би их дуртай. Миний бичсэн хамгийн сайн шүлэг бол «Комсомольская площадь» даа гээд мөнөөх шүлгээ чангаар, ихэд ирмүүн уншсан сан. Тэр үедээ ч би сайн ойлгоогүй. Сүүлд үзэхнээ:
...Комсомольская площадь - вокзалов созвездье
Расставанья и встречи - две главные части,
Из которых когда-нибудь сложится счастье...
(Комсомолын талбай – өртөө замуудын чуулбар
Учрал хагацал гэдэг аз жаргалыг үүтгэгч,
Урт энэ амьдралын хоёр чухаг тохиолбор...)
гэсэн тансаг мөрүүд байдаг юм билээ. Тухайн үед Комсомолын талбай гэж нэрлэдэг байсан тэр газар тал талдаа гурван вокзалтай: Ярославын, Ленинградын, Казанийн. Монголын галт тэрэг ирж буцдаг нь Ярославский вокзал л даа.
“Цагаан хар улаан” романы дотор Рэнцэнраагийн багш Евгений Ароныч гэж гарч байгаа. Багшийгаа дурсаж л би гол баатрынхаа багшийг тийн нэрлэсэн юм. Загасчилж байх зуураа багш нь Рэнцэнраад: “Чи архи уумаар санагдвал, манайд ирээд ууж бай...” гээд утсаа өгдөг. Энэ миний амьдралд тохиолдсон явдал.
З-р курсын эхний семестерт хичээл тасалсан цагийн минь тоо замбараагаа алдаж, захирлын тушаалаар би сургуулиасаа хөөгдсөн юм. Тэнэг ч байж. Тэнэгийн дотор уужуухан гэгчээр “Өө, сургуультай сургуульгүй би том яруу найрагч юм чинь” гээд л тоосон ч үгүй, зөнгөртөөд л явж байлаа. Польш руу манай наймаачид ид цувж байсан үе. Яг намайг дэл сул болчихоод сууж байх тэр өдрүүдэд Брестэд румын цагаачид шавчихаад, наймаачид Польш руу гарч чадахгүй хил дээр 10-20 хонож байна гээд л. Тэгэхээр нь би хэсэг наймаачдыг өөр боомтоор зуучилж хил гаргаж өгье гээд Гродногоор дагуулж замчлаад, далимд нь Варшавын зах дээрээс “Пирамид” хэмээх банаан хэлбэрийн жийнсэн өмд, түрк ноосон цамц зэрэг аахар шаахар зүйлс бөөндөж авснаа Монголд авчирч борлуулав аа. Зохиолчдын хороогоор орж сургуулиас хасагдсанаа дуулгатал, дорхноо л яав ийв болцгоогоод “Хоёр гурав хоногоос нэг ороод ирээрэй” гэлээ. Тэгж яваад нэг очтол манай сургуулийн захирлын нэр дээр “Энэ Аюурзана ирээдүйтэй сайн яруу найрагч тул сургуульдаа эргэн суралцах нэг удаагийн боломж олгоно уу?” гэсэн утгатай албан хүсэлт машиндаад тамгалчихсан байна. “За үүнийг ч юу л тоогоо аж. Гэхдээ яахав” гээд аваад өвөртөлчихлөө. Удалгүй Москвад буцаж очоод нөгөө бичгээ гадаад декандаа өгч орхив. Гэтэл нэг өдөр захирал дуудаж байна аа. Хуучин захирал Евгений Юрьевич Сидоров Оросын Соёлын яамны сайд болж, Сергей Николаевич Есин захирлаар томилогдсон үе. Мань эр нөгөө Зохиолчдын хорооны бичгийг барьчихсан “За, чиний асуудлыг би шийдэхгүй. Ректоратын хурлаар шийднэ. Мастер багшийн чинь саналыг харгалзана” гэх маягийн юм хэллээ.
Мягмар гараг бүрт ордог уран бүтээлийн семинараа би огт тасалдаггүй, хасагдах тушаал гарчихсан ч семинартаа очсоор л байсан юм. Нэг семинарын дараа Долматовский:
-Аюур үлдээрэй! л гэж байна. Тэгээд мань өвгөн:
-Чамайг сургуулиас хасах тухай яриа болсон гэж би ер мэдээгүй шүү дээ. Учрыг нь асуутал, гадаад оюутан хариуцсан литконсультант Гафуров чамайг их муулж байна. Чи чинь архи уудаг, хичээл тасалдаг гэнэ үү? Би танай монголчуудыг мэднэ ээ, нэг уухаараа бие биеэ уруу татаад шөнөжин уудаг. Чи тэдэнтэйгээ нийлж, өөрийгөө магтаж баахан архидчихаад, өглөө нь босч хичээлдээ ирж чаддаггүй. Тийм биз? Одоо чи тэгээд Монголд буцаж очоод юу хийх вэ? Ээж чинь юу гэх вэ? гэлээ.
Би ч осолтгүй нэг юм бувтнасан л байх. Тэгтэл Долматовский:
-За, одоо хоёулаа нэг зүйл тохиръё. Чи монголчуудтайгаа нийлж архи уудгаа л бүрмөсөн больчих. Архи уух чамд сайхан санагддаг юм уу? Тэгвэл манайд ирээд л ууж бай! Май, энэ манай гэрийн утас. Шөнө орой хэдийд ч утасдаж болно. Надад архи бол хангалттай бий. Чи манайд ирээд хүссэнээрээ ууж болно... гэдэг байгаа.
Тэгээд нэг цаасан дээр утасны дугаар, гэрийн хаягаа бичээд өглөө.
-Яалаа гэж дээ? Юу гэж би танайд очиж архи уух вэ дээ, Евгений Аронович? гэж намайг арай ядан хэлэхэд,
-За, тэгвэл чи Монгол руугаа буц! гэж ууртай хэлээд ширээгээ алгадав. Ердийн үедээ их дөлгөөхөн, гэхдээ нүүр нь огцом хувьсхийн дүрэлздэг хүн байсан юм. Тэгээд босч цүнхээ авч сугавчлан сүр үзүүлснээ, намайг урвайгаад суусаар байсанд жаахан зөөлөрч:
-За, хурдан шийд ээ! Эсвэл манай гэрт л ирж архи ууж байна гэж амлаад энэ утасны дугаарыг ав! Архи уумаар санагдах юм бол надад хэлээд, миний дэргэд л ууж байна гэж амлах юм бол чинь, би яг одоо Есин рүү орно. Захирлын зөвлөлийн хурал дээр чамайг хамгаалж үлдээнэ. Хэрэв утасны дугаартай энэ цаасыг авахгүй гэвэл, баяртай! гэв.
Энэ явдлын дараахан намайг хөөсөн тушаалаа нэг жилийн чөлөө болгон өөрчилсөн Есиний гарын үсэгтэй шийдвэр сургуулийн самбарт хадагдсан байв. Ингээд би "академический отпуск"-тай амьтан тааваараа зугаалж яваад, дараа жилийн намар нь эргээд л 3-р курсдээ орж билээ.
Долматовскийн гарын үсэг бүхий, гэрийнх нь утасны дугаартай тэр цаас надад нэлээд удаан хадгалагдсан шүү. Тэгээд нэг л мэдэхнээ үрэгдсэн байв. Яг л өөрийн зохиолын баатар Рэнцэнраа шигээ, багш руугаа би мэдээж утасдаагүй. Миний багш чинь бага буурай орны ядуу оюутан “Архи уумаар байна” гэж орой үдэш утасдах тухай санахын ч хэрэггүй том амьтан байлаа шүү дээ. Хар багаасаа л алдаршсан, 15-тай жаахан хөвгүүн Мейерхолдын гэрт Маяковскийн өмнө зогсоод шүлгээ уншиж байсан, 1941 онд цэргийн сурвалжлагч явахдаа шархдаад фашистуудад олзлогдож тэндээсээ оргож амь гарсан, тэр түүх нь өөрөө Зөвлөлт даяар түгсэн, Дэлхийн хоёрдугаар дайны үед Долматовскийн шүлгээр зохиосон дуунууд фронтод гол зоригжуулагч болж байсан учраас Германы дөрвөн гол удирдагчийн нэг Химмлер нэн тэргүүнд устгах шаардлагатай оросуудын нэрсийн жагсаалтдаа Евгений Ароновичийг онцолсон гээд л бодохгүй юу. “Хүрэн халзан тоомсгоороо хүрээд ирдэг” хэмээн дуунд гардаг домогт Ворошиловтой л архиддаг юм гэнэ билээ гэж оросууд сэм шивнэлддэг, хэн бүхний хүндэтгэл хүлээсэн, Зөвлөлтийн төрийн шагналт том зохиолч руу 15 копеекны таксофоноор залгаад л “Багш аа, очлоо шүү” гэх бүдүүн зүрх гэж ер нь байх уу даа?
Одоо хэр би оюутан цагийнхаа зарим номыг сөхөхдөө завсраас нь тэр нандин цаас ойчих юм биш байгаа хэмээн горьддог. Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа хөөрхий багш минь аанай л мягмар гаргийн семинар дээрээ бидэнтэй хуучилсныхаа дараа Утга зохиолын дээд сургуулиас гарч яваад машинд мөргүүлчихсэн гэдэг. Анхандаа ч сүйдтэй юм биш гэлцэж байсан. Нэг удаа бүр өөрөө сургууль дээр ирчихсэн явж байв. Гэвч төдөлгүй мөнөөх ослын урхагаар тархинд нь цус харваж, миний диплом хамгаалалтыг ч удирдаж чадаагүй юм. Тэгээд 1994 оны намар нас барсан билээ.